МУИС-ийн Сургалтын нэгдсэн алба, Оюутны Холбоо хамтран зохион байгуулсан “Манлайлал” хувь хүнийг чадваржуулах 20 цагийн сертификат олгох сургалтад бүрэлдэхүүний сургуулиудын тэргүүний оюутнууд, оюутны төлөөллийн байгууллагуудын гишүүдийг үнэ төлбөргүй хамрууллаа.
Хувь хүн манлайллын ур чадвар нь олон талт дэд хөгжлүүдийг жигд төлөвшүүлсний үндсэн дээр бий болдог бөгөөд салбар салбартаа амжилттай яваа эрхэм хүндтэй 10 зочин бидний Эрдмийн өргөөнөө хүрэлцэн ирж, үнэтэй зөвлөгөө, арвин туршлагаасаа хуваалцсан юм. Оролцогч оюутнууд маань
А.Банзрагчгарав: “ШУС-ийн сургалтын албанаас уг сургалтад бүртгэхдээ 3.5-аас дээш голчтой гэсэ үзүүлэлтэд тэнцсэнээр өнөөдөр энэхүү сургалтад хамрагдаж байна. Маш өгөөжтэй, ухаарал өгсөн сургалт болж чадлаа. Багш нарын 50 хув нь илтгэх урлагийн, үлдсэн 50 хувийг сургалтын чиглэлийн манлайлагчдын төлөөлөл байсан их зохимжтой сонголт байсан. Дахин дахин ийм сургалт явуулаасай гэж сургуулиасаа хүсч байна.”
Т.Дашбаатар: “Би Илтгэх урлаг, парламентийн мэтгэлцээний Бест клубийн тэргүүний хувь энэ танхимд тэргүүний оюутнуудтай мөр зэрэгцэн сууж байна. Ийм төрлийн сургалт лектор төв, түүчээ сан дээр 120000-500000 төгрөгний төлбөртэй байдаг. Оюутнуудын хувьд таслахгүй, хоцрохгүй оролцвол сертификат өгнө гэсэн. Гэтэл 5 өдөр дараалан 80 оюутан маань бүгд ирж байгааг харахад сертификаттай учраас хариуцлагатай байдаг шиг санагдсан. Энэхүү ажлыг санаачилсан зохион байгуулсан, дэмжсэн бүх хүмүүст талархал илэрхийлье.”
Н.Тэлмэн: “МУИС-ийн ОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын албан үүрэгтэй. Оюутны холбооныхон маань зохион байгуулах, хяналт тавих үүднээс өөрсдөө сургалтад хамрагдаж байна. Цаашдаа манай холбоо оюутнуудаа хөгжүүлэх, дэмжих, клубуудын ахлагч нартаа урам өгөх энэ төрлийн ажлыг өргөжүүлнэ гэж бодож байна” хэмээн сэтгэгдлээ хэлжээ.