МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургууль Германы Олон Улсын Хамтын Ажиллагаа (GIZ)-ны Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачилга (ЭТИС) хөтөлбөр хамтран UB IMPULSE 6: ”Чанартай өсөлт” сэдэвт цуврал хэлэлцүүлгийг ”Улсын Өрийн Зохицуулалт: Европын Холбооны Туршлага”дэд сэдвийн хүрээнд 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллаа.
Уг цуврал хэлэлцүүлгийн зорилго нь тухайн сэдвүүдийн хүрээнд судлаачдын судалгааны ажлын үр дүн, дэвшүүлж буй санал санаачилга, асуудлын гарцыг тодорхой шийдвэр гаргах түвшний болон олон түмэнд хүргэхэд орших ажээ. Өнөөдрийг хүртэл зохион байгуулагдаж буй 6 удаагийн арга хэмжээг зохион байгуулагчид дүрсжүүлэн архивлаж буй бөгөөд, томоохон бүтээл гарган үр дүнг бодитжуулах арга хэмжээг зохион байгуулах юм байна.
Энэ удаагийн хэлэлцүүлгийн үндсэн илтгэгчээр олон улсын валют, санхүүгийн судлаач, профессор, доктор Биатрис Вэдер Ди Мауро уригдсан юм. Тэрбээр 2001 оноос Майнцын Иоханс Гутенбергийн Их сургуулийн Олон улсын Макро эдийн засгийн тэнхмийн эрхлэгчээр ажилллаж байгаа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн шинжээч билээ.
UB IMPULSE 6 цуврал хэлэлцүүлгийг нээж МУИС-ийн захирал профессор, доктор Р.Бат-Эрдэнэ, Германы Олон Улсын Хамтын Ажиллагаа (GIZ)-ны Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачилга (ЭТИС) хөтөлбөрийн захирал доктор Штефан Ханселманн нар үг хэлсэн юм.
Хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газар, Сангийн яам, Монгол банк зэрэг бодлого боловсруулагчид, төрийн байгууллагуудын төлөөлөл,Монгол улсын Хөгжлийн банк, Төрийн банк, Худалдаа хөгжлийн банк, Хаан банк, MCS зэрэг бизнес эрхлэгчид, Монголын Нягтлан бодогчдын хүрээлэн, Орон нутгийн тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн төлөөлөл болон Удирдлагын академи, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Отгон тэнгэр их сургууль болон МУИС-ийн салбар сургуулиудын профессор багш нар, эрдэмтэн судлаачид, оюутнууд, нийт 200 орчим төлөөлөгчид оролцлоо.
UB IMPULSE цуврал хэлэлцүүлэг нь 2013 оноос үндэсний эдийн засгийн хөгжлийн бодлогын асуудлыг цуврал хэлбэрээр толилуулж байна. Тухайлбал, “Алт, тариа, түлш: түүхий эдийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлийг хэрхэх тухай”, “Хөгжлийн төлөөх инноваци: Өрсөлдөх чадвар, эдийн засгийн өсөлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих”,“Евро(пын) хямрал: Дэлхийн ба Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ?”, “Эрдэс, түүхий эдийн баялаг ихтэй орны улс төрийн эдийн засаг: Монгол Улсад “Баялгийн хараал” нь зайлшгүй үзэгдэл мөн үү?”, “Уул уурхайн салбар дахь авлигын хэлбэр ба үр дагавар: хэрхэн авлигатай тэмцэж, сайн засаглалыг бэхжүүлэх вэ?” сэдвүүдээр амжилттай зохион байгуулсан. Энэ чухал арга хэмжээг зохион байгуулж байгаа нийтийн удирдлагын хөтөлбөрийн эрхлэгч доктор Н.Бурмаа багшид талархлаа илэрхийлье.