МУИС-ийн ШУС-ийн Байгалийн ухааны салбарын Эрдмийн зөвлөлийн 2015 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн ХБНГУ-ын иргэн, ХБНГУ-ын Гөрлиц хотын Зенкенбергийн байгалийн түүхийн музейн Амьтан судлалын тэнхимийн эрхлэгч д-р. Проф. Х. Анзоргед Монгол орны биологийн олон янз байдлыг судлах, хамгаалах, оюутан залуучуудыг дагалдуулан сургах, тус сургуулийн биологийн салбарын сургалт, эрдэм шинжилгээний материаллаг нөхцлийг сайжруулахад оруулсан хувь нэмрийг үнэлэн МУИС-ийн ШУС-ийн “ХҮНДЭТ ДОКТОР” цолоор шагналаа.
Д-р. Проф. Х. Анзорге нь ХБНГУ-ын Халле хотын Мартин Лютерийн их сургуульд суралцаж байсан үедээ буюу 1978 онд анх удаа Монголд ирж хоёр орны их сургуулийн хамтарсан биологийн экспедицид оролцон ажилласан байна. Тэрээр 2008 оноос эхлэн МУИС-тай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, 2010 онд Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-ны санхүүгийн дэмжлэгтэй “Говийн Их Сургууль” сэдэвтэй зуны сургалт, 2001-2004 онуудад мөн Германы эрдмийн солилцооны албаны санхүүгийн дэмжлэгтэй “Монгол орны биологийн олон янз байдлын бүртгэл, цуглуулга, мониторинг” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Энэ хамтын ажиллагааны хүрээнд олон арван оюутныг хээрийн сургалтад хамруулсны зэрэгцээ МУИС-ийн ШУС-ийн Биологийн тэнхимийн 11 багш ХБНГУ-д урт, богино хугацаагаар ажилласан байна.
Д-р. Проф. Х. Анзоргед МУИС-ийн ШУС-ийн “Хүндэт доктор” цол олгох ёслолын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн МУИС-ийн ШУС-ийн захирал, багш, оюутнууд болон ХБНГУ-ын элчин сайд Ноён Г.Тийдеманн болон элчин сайдын яамны хамт олонд талархал илэрхийлье.