МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Европ судлалын тэнхимийн Герман судлалын хөтөлбөр герман хэлээр мэтгэлцэх хоёр дах удаагийн улсын тэмцээнийг 2015 оны тавдугаар сарын 2-ны өдөр ХБНГУ-ын Эрдмийн Солилцооны албаны төлөөлөгчийн газартай хамтран амжилттай зохион байгууллаа. Мэтгэлцээний тэмцээнд МУИС, МУБИС, ХИС, ШУТИС-ийн герман хэл сурч буй оюутнууд өрсөлдсөнөөс МУИС-ийн Герман судлалын хөтөлбөрөөр сурч буй оюутнууд эхний 3 байрт шалгарсан байна. Нэгдүгээр байрт герман судлалын 4-р төвшний оюутан Ц.Энхмөрөн шалгарч, тэмцээний ивээн тэтгэгч ХБНГУ-ын Конрад Адэнауэрын Сангийн Улаанбаатар хот дах суурин төлөөлөгчийн газраас “Монгол орноор аялах эрхийн бичиг”-ээр шагнасан байна. Герман судлалын 4-р төвшний оюутан Г.Солонго, 3-р төвшний оюутан С.Гэрэл нар хоёр, гуравдугаар байрт шалгарч тус тус мөнгөн шагналаар шагнуулжээ. Тусгай байрын шагналыг ХИС-ийн герман хэлний оюутан С.Золзаяа хүртжээ.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд Урбан Номадс төслийн удирдагч Корина Бэтге, Герман-Монголын Бизнес эрхлэгчдийн холбооны Марсел Веховэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн төслийн мэргэжилтэн доктор Михаэл Вальтер, Конрад Аденауэрын сангийн удирдагч Даниэл Шмюкинг, Гетё сургуулийн багш Кристоф Мазиус, Хумбольдт сургуулийн багш Штефан Клайсле, Венагийн их сургуулийн дадлагажигч Бригитте Франк, ХБНГУ-ын ЭСЯ-ны соёлын хэлтсийн ажилтан Г.Анужин нар ажиллалаа.