МУИС-ийн ШУС-ийн хүмүүнлэгийн салбарын утга зохиол, урлаг судлалын тэнхимээс жил бүр зохион байгуулдаг оюутны яруу найргийн “ЧӨЛӨӨТ СЭТГЭЛГЭЭНИЙ ДУУЛАЛ” наадам амжилттай болж өндөрлөлөө. Наадамд оролцогч бүр урьдчилан гурав гурван шүлэг ирүүлсэн байна. Сүүлийн шатанд оролцогч бүр их сургуулийн дугуй танхимд нэг нэг шүлгээ уншсанаас МУИС-ийн ШУС-ийн оюутан Б.Алтанхуяг түрүүлж, “Их монгол” дээд сургуулийн оюутан Э.Энхтайван, УЗНАДС-ийн оюутан Б.Батсайхан нар удаах байруудыг эзэлсэн байна. МУИС-ийн оюутан Анхзаяа, Батбаяр нар шагналт байранд оржээ. Шүүгчдээр МУИС-ийн профессор Д.Галбаатар, дэд профессор Д.Батжаргал, “Чөлөөт сэтгэлгээний дуулал” наадмыг санаачлагчдын нэг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Энхболдбаатар нар ажилласан байна.
Мөн МУИС-ийн ШУС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим, СУИС-ийн Театр урлагийн сургуулийн Тайзнаас ярих урлагийн тэнхим хамтарч оюутны шилдэг богино өгүүллэг шалгаруулах “ДАВАЛГАА” наадмыг 15 дахь жилдээ амжилттай зохион явууллаа. Наадмын нэгдүгээр шатанд 40 гаруй өгүүллэг ирснээс хоёрдугаар шатанд 11 өгүүллэг шалгарсан байна. Наадмыг хоёр төрлөөр дүгнэж, шилдэг богино өгүүллэгээр Б.Гантулга “Зочин” /Утга зохиол нийгмийн ажилтны IV курс/, Г.Халиунаа “Сохор зураач” /СУИС-ийн III курс/, Б.Алтанхуяг “Хайр хаанаас үүсэлтэй вэ” /МУИС-ийн УЗА-ны III курс/ бүтээлүүд шалгарч эхний гурван байхыг эзэлсэн бол, уран уншлагаар “Хайр хаанаас үүсэлтэй вэ” өгүүллэг уншсан Даваадалай /СУИС-ийн III анги/, “Зочин” өгүүллэг уншсан Бямбасүрэн, Номин-Ангараг /СУИС-ийн IV анги/, “Өдрийн сайн” өгүүллэг уншсан Батбадрал /СУИС-ийн IV анги/ нар эхний гурван байранд шалгарлаа. Шүүгчдээр МУИС-ийн профессор Б.Хишигсүх, Улаанбаатар их сургуулийн профессор С.Байгалсайхан, СУИС-ийн профессор Даваа нар ажилласан байна.