МУИС-ийн Инноваци, эрдэм шинжилгээний хэлтэс, Бизнес Төв хамтран зохион байгуулж байгаа, МУИС-ийн Бизнесийн сургуульд зочилж буй Олон Улсын Урьдчилан Таамаглагчдын Институтын (International Institute of Forecasters) Ерөнхийлөгч, ноён Мохсен Хамудиа (Mohsen Hamoudia)-ийн лекцэд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Илтгэгчийн товч намтар
Ноён Мохсен Хамудиа (Статистикийн шинжлэх ухааны мастер, эдийн засгийн ухааны доктор) нь Парис дахь Оранж Бизнес Сервисес компанийн Том төслүүдийн газарт Стратеги, зах зээлийн мэдээлэл цуглуулах албаны даргаар ажилладаг. Өмнө нь тэрээр Парис дахь Францын Холын Зайн Цахилгаан Холбоо компанийн Урьдчилан таамаглах газрын даргаар (1996-2001) ажиллаж байсан. Ноён Хамудиа нь 1989 оноос Тулузын Бизнесийн Сургууль, Лионы ESDES Бизнесийн Сургууль, Парисын ISM (Institut Supérieur du Marketing) зэрэг сургуулиудад дэд профессороор ажиллаж, урьдчилан таамаглах болон тоон шинжилгээний арга техникүүдийн хичээл зааж байсан. Тэрээр мэдээлэл харилцааны технологи болон нисэхийн салбар дахь асуудлуудыг урьдчилан таамаглах чиглэлээр судалгаа хийдэг.
Олон Улсын Урьдчилан Таамаглагчдын Институтын тухай
Олон Улсын Урьдчилан Таамаглагчдын Институт (International Institute of Forecasters) нь 1982 онд байгуулагдсан ашгийн төлөө бус төрийн бус байгууллага бөгөөд урьдчилан таамаглахуйн мэдлэгийг бүтээх, түгээх, хэрэглэх үйл ажиллагааг хөгжүүлэх эрхэм зорилготой. Тус институт нь дараах зорилгуудыг тавьж ажилладаг. Үүнд:
– Менежмент, зан төлөвийн шинжлэх ухаан, нийгмийн шинжлэх ухаан, инженерчлэл болон бусад салбаруудын мэдлэгт тулгуурлан урьдчилан таамаглах ухааныг салбар дундын талбар болгон хөгжүүлэх.
– Бизнес болон төр засагт урьдчилан таамаглах ажлыг хэрэглэдэг шинжээч, менежер, бодлого тодорхойлогчдын мэргэжлийн өсөлт хөгжилд хувь нэмэр оруулах.
– Онол, практикийн зөрүүг арилгах.
– Бүх улс үндэстний шийдвэр гаргагчид, урьдчилан таамаглагчид, судлаачдыг урьдчилан таамаглах ухааныг чанаржуулах, хэрэглээг нэмэгдүүлэхэд оролцуулах.