МУИС-ийн ФЭС-ийн дэд профессор Т.Чулуун багшийн ” Time to stop celebrating the polluters” нэртэй судалгааны өгүүлэл “Nature” сэтгүүлийн шинэхэн дугаарт хэвлэгдлээ. Тэрбээр АНУ-ын Аризоны их сургуульд зочин профессороор ажиллаж байхдаа өнгөрсөн жил энэхүү өгүүллээ бичжээ. НҮБ-аас Хүний хөгжлийн шинэ индексийг саяхан зарласантай давхцан монгол эрдэмтний өгүүлэл дэлхийн нэр хүндтэй сэтгүүлд нийтлэгдснээрээ онцлог юм. Зохиогч өгүүлэлдээ олон жилийн турш зөвхөн нийгэм эдийн засгийн үзүүлэлтээр хүний хөгжлийн индексийг хэмжиж байсан баригдмал чиг хандлагыг өөрчилж, байгаль орчны асуудлыг ч чухлаар авч үзье гэсэн гол санааг дэвшүүлснээрээ ийнхүү үнэлэгдэж буй юм. Өөрөөр хэлбэл гариг дэлхийн жам ёсны тогтолцоонд хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаа нөлөөлсний улмаас байгаль орчин ихээр доройтож байгааг тэрбээр онцолжээ.
Сүүлийн хориод жилийн турш экосистем, глобал өөрчлөлт, дэлхийн тогтолцоо, тогтвортой хөгжлийн асуудлаар дагнан судалж байгаа , доктор Т. Чулуун саяхан олон улсын Шинжлэх Ухааны Зөвлөлийн Ази Номхон Далайн Бүсийн Хорооны гишүүнээр сонгогджээ.
“Nature” сэтгүүлд хэвлүүлсэн монгол эрдэмтний судалгаатай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл http://www.nature.com/news/time-to-stop-celebrating-the-polluters-1.9370, http://www.igbp.net/5.20d892f132f30b443080002562.html хаягаар орж болно.