Монгол улсын их сургууль болон Өвөр Монголын их сургуулийн хооронд “Эрдэм шинжилгээний солилцоо, хамтын ажиллагааны гэрээ”–г шинэчлэн байгуулав
МУИС болон ӨМИС-ийн хооронд 1991 онд “Эрдэм шинжилгээний солилцоо, хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулан, 1194, 1999, 2005 онуудад гэрээг шинэчлэн монгол судлал, эрх зүй, биологи, гүн ухаан, социологи, эдийн засаг, математикийн салбарт багш, оюутан, эрдэмтэн солилцох, хамтран судалгаа явуулах, төсөл хэрэгжүүлэх, хичээл болон эрдэм шинжилгээний зохиол бүтээлүүд харилцан сольж, туршлага судлах, олон улсын байгууллага, сангуудаас хамтын судалгааны төслийн санхүүгийн эх үүсвэр олох зэрэг олон талаар хамтран ажиллаж ирсэн.
МУИС болон ӨМИС-ийн хоорондын энэхүү олон жилийн хамтын ажиллагаа нь амжилттай хөгжиж ирсэнд үндэслэн 2015 оны тавдугаар сарын 4-нд “Эрдэм шинжилгээний солилцоо, хамтын ажиллагааны гэрээ”-г 5 жилийн хугацаагаар шинэчлэн байгуулж, монгол судлал, сэтгүүл зүй, түүх, археологи, антропологи, гүн ухаан, шашин судлал, азийн бүсийн судлал, этик болон социологи судлал мөн шинжлэх ухааны салбаруудад хамтран ажиллаж эрдэмтэн судлаачид солилцох, оюутан солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хамтын судалгаа, сургалт семинар явуулах, ном сэтгүүл, материал солилцох зэрэгт хамтран ажиллахаар тохиролцлоо.
ӨМИС 1957 онд анх байгуулагдаж 1978 онд улсынхаа гол их сургууль болсон. 1997 онд улсын “211 инженер” төслийн 100 сургуулийн нэг болсон бөгөөд 2004 онд Өвөр Монголын ардын засгийн газрын болон БНХАУ-н Боловсролын яамны харьяа улсын их сургууль болсон байна.
Монгол Улсын Их Сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Байгалын эдийн засаг, хуулийн улсын их сургууль хооронд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
ОХУ-ын Эрхүү хотын Байгалын эдийн засаг, хуулийн улсын их сургууль 2014 оны 12 дугаар сард ирүүлснээр харилцан хэлэлцсэний эцэст 2015 оны зургадугаар сарын 10-ны өдөр хоёр их сургуулийн хооронд хамтын ажиллагааны гэрээ байгуулагдлаа.
Энэхүү гэрээгээр талууд лекц унших, ЭШ-ний бага хурал, симпозиумд оролцох чиглэлээр багш, судлаачдыг харилцан солилцох, сургалт, аргазүй, ЭШ, судалгааны материал харилцан солилцох; багш, судлаач, захиргааны ажилтнууд харилцан айлчлах; ЭШ, судалгааны ажил хамтран гүйцэтгэх; тодорхой сургалтын хөтөлбөрөөр шаардлага хангасан оюутнуудыг харилцан солилцож суралцуулах гэх мэт чиглэлээр хамтран ажиллах юм.
Байгалын эдийн засаг, хуулийн улсын их сургууль 80 жилийн түүхтэй их сургууль юм. Хуучнаар Улсын ардын аж ахуйн их сургууль буюу монголчуудын нэрлэж заншсанаар “Нархоз”-д анх 1934 онд суралцаж эхэлсэн анхны монгол оюутан нь улс төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал байв. Түүнчлэн Сайд нарын зөвлөлийн гишүүн Д.Содном, Сангийн сайд асан Д.Моломжамц, Ч.Улаан нарын 9 сайд, монгол улсын шилдэг эдийн засагчид тус сургуулийг дүүргэжээ. Ийнхүү энэхүү их сургууль анх байгуулагдсан цагаасаа эхлэн өнөөг хүртэл монгол улсын шилдэг сэхээтэн, боловсон хүчинг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ. Монгол улс 1972 онд Хөдөлмөрийн гавьяны улаан тугийн одонгоор шагнаж байсан юм.
МУИС болон Oсака их сургуулийн хоорондын “Эрдмийн солилцооны гэрээ”-г сунгалаа.
Анх 2000 онд МУИС болон Oсака их сургуулийн хооронд байгуулж байсан эрдмийн солилцооны гэрээг 2005, 2011 онуудад сунгаж байсан бөгөөд хоёр их сургуулийн хооронд хамтарсан судалгаа, хурал зохион байгуулах, хоёр талын сонирхсон салбарт хэвлэл мэдээлэл, судалгааны материал солилцох, лекц унших, судлаач, багш, оюутан солилцон ажилуулах, суралцуулах гэж мэт чиглэлээр хамтран ажиллах заалтууд тусгасан уг гэрээг 2015 оны зургадугаар сарын 10-нд сунгаж гарын үсэг зурлаа. Энэхүү гэрээ нь 2020 оны наймдугаар сарын 17-ныг хүртэлх хугацаанд үйлчилнэ.
Тус сургуультай оюутан солилцооны хөтөлбөр жигд идэвхтэй хэрэгждэг бөгөөд бакалавр, магистрын түвшинд 1-2 оюутан 1 жилийн хугацаатай хамрагдаж хоёр сургуулийн эрдэмтэн, судлаач, багш нар харилцан зочин багш, профессороор ажилладаг юм.