Катарын элчин сайд МУИС-д зочиллоо

Share Button

Катар улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд эрхэмсэг ноён Султан Салмиин Саид Аль Мансур болон түүний улс төрийн бодлогын зөвлөх ноён Гафар Карар Ахмед нар 2015 оны долдугаар сар 1-ний өдөр МУИС-д зочиллоо. Хүндэт зочдыг МУИС-ийн захирал Д-р. Р.Бат-Эрдэнэ, МУИС-ийн ЭШГХХА эрхэлсэн дэд захирал Д-р. Б.Болдгив, ГХХАХ-ийн ахлах мэргэжилтэн Ш.Мэндбаяр болон МУИС-ийн араб судлалын төгсөгчдийн төлөөлөл хүлээж авч уулзав. Уулзалтын эхэнд МУИС-ийн захирал Др. Р.Бат-Эрдэнэ зочдыг хүрэлцэн ирсэнд талархсанаа илэрхийлээд их сургууль болон МУИС дахь Араб хэл судлалын талаар товч танилцуулсан юм.

IMG_4170

Эрхэмсэг ноён элчин сайд Катар улсын боловсрол, боловсролын талаар баримталж буй бодлогын тухай ярьж, энэ салбарын хамтын ажиллагаа нь үргэлж эерэг үр дүн, өгөөжтэй байгаа гэлээ. Катар улсын эмир боловсрол нь улс орны хөгжлийн хамгийн чухал зүйл хэмээн үздэг талаар мөн онцлов. “Катар сан”-аар дамжуулан “Боловсролын хот” төслийг 15 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бөгөөд одоо энд барууны боловсролын байгууллагуудын салбарууд болон тус улсын тэргүүлэгч их дээд сургуулиуд байрладаг ажээ. Катар улсын их сургууль нь 70-аад оны эхээр байгуулагдсан залуу сургуульд тооцогддог ч өнгөрсөн хугацаанд дэлхийн олон улсуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, эрчимтэй бодлого хэрэгжүүлсний үр дүнд одоогийн түвшинд хүрчээ. Тэрээр бусад орны их дээд сургуулиудтай туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд Монгол улсын их сургуулийн удирдлагыг “Боловсролын хот”-той танилцахаар хүрэлцэн очихыг урьж, чин сэтгэлээсээ хүлээн авч тусалж дэмжихээ мэдэгдлээ.

МУИС-ийн зүгээс өөрийн сургуульд араб судлалыг өргөжүүлэх, Катарын их сургуультай багш, оюутан солилцооны хөтөлбөрт хамруулахад дэмжлэг авах хүсэлт гаргасныг элчин сайд дуртайяа хүлээн авч боловсролын салбарт хамтран ажиллахын төлөө хүчин чармайлт гаргана гээд Катарын багш оюутнуудыг мөн хүлээн авч тусалж дэмжихэд анхаарал хандуулна уу хэмээн хүссэн юм.

Тус уулзалтын үр дүнд цаашид хамтын ажиллагааны гэрээ байгуулж боловсролын бүхий л салбарт хамтран ажиллахаар тохиролцов.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар