БСШУЯ-ны “Дээд боловсролын шинэчлэл” төсөл, Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр МУИС-д шинээр байгуулсан болон тоног төхөөрөмж нийлүүлсэн Лабораторуудын үйл ажиллагаатай танилцах уулзалт өнөөдөр МУИС-д боллоо. Лабораторын үйл ажиллагаатай танилцах арга хэмжээнд БСШУЯ-ны сайд Л.Гантөмөр, БСШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга, МУИС-ийн удирдах зөвлөлийн дарга Б.Насанбаяр, МУИС-ийн захирал Р.Бат-Эрдэнэ, Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын төсөл хөтөлбөрийн албаны дарга Андерс Петтерссон болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, удирдлагууд хүрэлцэн ирлээ.
МУИС нь АНУ-ын ШУ-ны үндэсний сан, Азийн судалгааны сан зэрэг бусад томоохон олон улсын байгууллага болон дотоод, гадаадын нийт 2 тэрбум 516 сая төгрөгний санхүүжилт бүхий 207 төслийг хэрэгжүүлж байна.
Их сургуулийн судалгааны үр дүн нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж чадсаны үр дүнд 2014-2015 оны хичээлийн жилд “Дээд боловсролын шинэчлэл” төслөөс МУИС-ийн сургалт, судалгааны лабораторийн тоног, төхөөрөмжийг шинэчлэн сайжруулахад зориулан нийт 1 тэрбум 42 сая 800 мянган төгрөгний хөрөнгө оруулаад байна.
Дэлхийн жишигт хүрсэн судалгаа хийх боломжтой орчин үеийн технолгиор суурилагдсан лаборатори Монгол Улсын Их Сургуульд байна.
Үүнд:
- КОМПЬЮТЕР ГРАФИК-МУЛЬТМЕДИАГИЙН СУДАЛГААНЫ НЭЭЛТТЭЙ ЛАБОРАТОРИ
- ГЕНИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН ЛАБОРАТОРИ
- ФИЗИК, КОЛЛОЙД ХИМИЙН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИ
- ШИНЭ МАТЕРИАЛЫН ХИМИ ТЕХНОЛОГИЙН СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИ
- ХИМИ ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТЫН ЛАБОРАТОРИ
- БИОЛОГИЙН ТӨРӨЛ ЗҮЙЛИЙН ЛАБОРАТОРИ
- ГАЗАР ЗҮЙН МЭДЭЭЛЛИЙН СИСТЕМ, ЗАЙНААС ТАНДАН СУДЛАЛЫН СУРГАЛТ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИ
- ЭКОЛОГИЙН ЛАБОРАТОРИ
- КОМПЬЮТЕР ТООЦООЛЛЫН ЛАБОРАТОРИ
- БИОХИМИЙН ЛАБОРАТОРИ
Судалгаанд суурилсан сургалтыг хөгжүүлэхийн тулд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий лаборатори, сургалтын анги танхим нь оюутанд суралцах таатай орчныг бүрдүүлэхийн сацуу шинийг танин мэдэх хүсэл тэмүүлэлийг бадрааж байна.