“Инноваци ба гарааны компанийн хөгжил” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ амжилттай, үр дүнтэй зохион байгуулагдлаа

Share Button

Өнөө үед дэлхийн аль ч улс орны хувьд мэдлэгийн хүч, бүтээх чадвар нь тухайн улс орны хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсоноор барахгүй мэдлэгийг бүтээх, олж авах, эзэмших, дамжуулах, хэрэглэх, хөгжүүлэх нөхцөл боломж, чадавхийг бүрдүүлэх нь тухайн улс орны иргэн бүрийн зайлшгүй анхаарч үзэх чухал асуудал болж байна.

Иймд МУИС-д мэдлэг ба технологи дамжуулалтыг эрчимжүүлэх, нийт судлаач багш нарын дунд шинжлэх ухааны мэдлэг, судалгаа шинжилгээний ажлын үр дүнг хэрэглээнд үр ашигтайгаар нэвтрүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулахад дэмжлэг үзүүлэх, цаашид гарааны компани байгуулах явцыг хурдасгах, их сургууль ба аж үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор “Инноваци ба гарааны компанийн хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг, семинарыг 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт БСШУЯ,  Инноваци, өндөр технологийн газар, Шинжлэх ухааны академи, Оюуны өмчийн газар, Компьютерийн ухаан, сошиал информатик, харилцаа холбооны институт, Стандарт инвестмент ХХК-ийн мэргэжилтнүүд оролцож инновацийн хууль эрхзүйн орчин ба гарааны компани байгуулах асуудлууд, ШУА-ийн загвар технологийн инкубаторын үйл ажиллагааны онцлог, гарааны компанийн хөгжлийн чиг хандлага, “Гарааны технологийн инкубатор ХХК” гарааны компани байгуулсан жишээ, шинэ бүтээлийн мэдүүлэг гаргахад анхаарах асуудлууд, их дээд сургуулийн старт ап / спин офф хөгжүүлэх боломжууд, гарааны бизнесийн санхүүжилтийн арга хэрэгслүүдийн талаар сонирхолтой илтгэлүүд танилцууллаа.

Мөн манай эрдэмтэн судлаач багш нарын төлөөлөл болох ШУС-БУС Биологийн тэнхмийн дэд Проф.Б.Батжаргал, ШУС, БУС-ийн Химийн тэнхмийн Проф.Ц.Даржаа нар олон жилийн судалгаа шинжилгээний ажлын үр дүнд тулгуурлан, гарааны компани байгуулахаар төлөвлөж буй “Сүүний үйлдвэрийн хаягдлыг боловсруулан пробиоток болон зохицуулах үйлчилгээтэй био бүтээгдэхүүн гаргах арга”, “Ширхэглэг багатай алт агуулсан хүдрийг уусган, алт ялгах цахилгаан исэлдэлтийн арга” төслүүдийг танилцуулж, их сургуульд инноваци ба гарааны компанийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх арга хэмжээ, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. Оролцогчдын зүгээс тус хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон төдийгүй шинэлэг мэдээлэл дүүрэн байсныг онцлохын зэрэгцээ цаашид тус сэдвийн хүрээнд уулзалт, хэлэлцүүлгийг улам өргөн  хүрээнд тогтмол хийж байх хүсэлт гаргасан юм.

IMG_8217 IMG_8237 IMG_8245

IMG_8231

IMG_8239 IMG_8242

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар