2015 оны 10-р сарын 9-өөс 12-ны хооронд БНХАУ-ын Шанхай хотод болсон Азийн Газарзүйчдийн анхдугаар хуралд ШУА-ийн Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн захирал доктор Б.Батбуян, МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхмийн багш, доктор Г.Юмчмаа нар амжилттай оролцоод ирлээ.
Тус хуралд Япон, БНСУ, БНХАУ гэсэн гурван улсын газарзүйчдийн тогтмол зохион байгуулж ирсэн 10 дахь удаагийн хурал төдийгүй “Азийн газарзүйчдийн холбоо” болж өргөжин зохион байгуулалтад орсон анхны томоохон хурал болсноороо онцлог байлаа. Тус хуралд Монгол улсаас анх удаагаа төлөөлөгчид оролцсон нь энэ билээ.
Азийн газарзүйчдийн анхны олон улсын хурлын нээлтийн үйл ажиллагаа
XXI зуун гарснаар Ази тив нь байгалийн болон хүн амын нөөц, соёлын олон янз байдал, нийгэм эдийн засгийн үсрэнгүй хөгжлөөрөө дэлхийд чухал бүс нутаг болон өсч байна Иймд Азийн газарзүйчдийн холбоо нь бүс нутгийн газарзүйчдийн хувьд хамтран ажиллаж, асуудлыг хамтдаа шийдвэрлэх, Азийн сайн сайхны төлөө хамтран ажиллах цаг болсон гэж үзжээ.
Тус хурлын зорилго нь Газарзүйн шинжлэх ухааны давуу тал, ач холбогдлыг олон нийтэд таниулах, суртачлах, шинжлэх ухааны судалгаанд хамтран хийх, харилцан суралцах, туршлага солилцох, Азийн залуу газарзүйчдийг дэмжих зорилготой юм.
Азийн Газарзүйчдийн Холбоо нь:
- Азийн бүс нутгийн газарзүйн судалгааг идэвхижүүлэх
- Газарзүйн шинжлэх ухааны мөн чанар, аргазүй, агуулгыг хамтарсан судалгаагаараа баяжуулах
- Хамтын үйл ажиллагаагаа сайжруулж, газарзүйн ойлголтоо нэгтгэх
- Азийн орнуудын энх тайвныг дэмжихэд хувь нэмрээ оруулахаар үйл ажиллагааны чиглэлдээ тусгажээ.
Тус хуралд оролцсон Монголын төлөөлөгчид
Монгол Улсын төлөөлөгч доктор Б.Батбуяны тус хурлын үеэр хэлсэн үг “Азийн газарзүйчдийн сэтгэлд маш их нийцсэн” бөгөөд ээлжит нэгэн хурлыг Монгол оронд зохион байгуулж болно гэдгийг хурлын зохион байгуулагчид мэдэгдлээ.
Ийнхүү “Азийн газарзүйчдийн хурал” нь гео оронзайн бүхий л асуудлаар хамтран ажиллах, санал солилцох, туршлага судлах, харилцаа холбоогоо бэхжүүлэх томоохон суурь тавигдсан гэж үзэж байна.