МУИС-д төдийгүй Монгол улсад химич мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж эхэлсний 60 жилийн ой 11-р сард тохиож байна. Ойн арга хэмжээний хүрээнд МУИС-ийн ХХИС-ийн 60 жилийн ойн баярын хурал Монгол-Япон төвд боллоо. Хуралд МУИС-ийн удирдлагууд, эрдэмтэн багш нар, БСШУЯ, ШУА, хамтран ажилладаг гадаад, дотоодын байгууллага, сургуулиудын төлөөлөгч болон үе үеийн төгсөгчид нь хүрэлцэн ирж оролцов.
Энэ үеэр ажил үйлс, судалгаа бүтээлээрээ шалгарсан тус сургуулийн шилдэг эрдэм, багш, судлаач, ажилтнуудыг БСШУЯ, Ахмадын холбоо, ХХИС, МУИС-ийн хүндтэй шагналуудаар шагналаа. Мөн тус сургуулийн ойн баярт зориулж нүүрсний судалгаа шинжилгээний багаж үйлдвэрлэдэг БНХАУ-ын “Каёон” компани 8800 ам долларын өртөгтэй хоёр төрлийн лабораторийн тоног төхөөрөмж хандивласнаа албан ёсоор мэдэгдэв.
Анх 1951 онд хими-биологийн анхны элсэлт авч сууриа тавьсан ХХИС өнгөрсөн жарны хугацаанд 2100 гаруй мэргэжилтэн бэлтгэж, эгнээнээсээ төрийн соёрхолт химич гурав, академич хоёр, МУ-ын гавъяат багш найм, Соёлын болон ШУ-ны гавьяат зүтгэлтэн дөрвийг төрүүлж, олон арван эрдэмтэн, докторыг өлгийдөн авчээ.
Түүнчлэн төгсөгчид нь Герман, АНУ, Бельги, Норвеги, Австрали, Япон, Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнуудын эрдэмтэдтэй судалгаа шинжилгээний төсөл хөтөлбөрт мөр зэрэгцэн ажиллахын хамт эрдмийн цол зэргээ ахиулсаар байна.
ХХИС-д сүүлийн гурван жилийн хугацаанд гадаад дотоодын байгууллагын дэмжлэгээр нийт 400 орчим сая төгрөгийн санхүүжилт хийгдснээр нано хэмжил зүй, нано бүтцэт материал, нүүрсний хими, нүүрсний хийжүүлэлт, шингэрүүлэлт, орчны хэмжил зүй, биохими, био-анализ зэрэг сургалт, судалгааны 10 гаруй лаборатори байгуулагдаж, энэхүү орчинд түшиглэж, 60-аад захиалгат болон гэрээт эрдэм шинжилгээний ажлыг амжилттай хийж гүйцэтгэжээ.