11 дүгээр сарын 26-ны өдөр буюу өнгөрөгч Баасан гаригт тус сургуулийн тэргүүн дэд захирал Кортов Сергей Всеволодович тэргүүтэй 7 төлөөлөгч МУИС-д айлчилж хоёр сургууль хооронд хамтын ажиллагаа явуулах боломжит салбаруудын тухай болон хамтын ажиллагааны гэрээ байгуулах талаар санал солилцов.
Уулзалтын үеэр хоёр сургуулийн төлөөлөл хүмүүнлэг, нийгэм, байгалын ухааны салбаруудад хамтарч ажиллах, тодруулбал: Оюутан солилцох, бакалаврын давхар зэргийн хөтөлбөр явуулах, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, орос хэл дээр эрдэм шинжилгээний бүтээл, хэвлэл болон мэдээлэл солилцох, орос хэл, соёлыг дэмжин ажиллах, электрон номын сангаас мэдээлэл авч ашиглах зэргээр хамтран ажиллах зэрэг боломжуудыг санал нэгтэй хүлээн зөвшөөрөөд байна.
Уралын холбооны их сургуулийн тухай:
Уралд төдийгүй ОХУ-даа нэр хүндтэй тус сургууль Холбооны их сургууль гэсэн статустай ОХУ-ын нийт 10 их сургуулийн нэг нь юм. Хуучнаар Уралын их сургууль, Уралын политехникийн их сургууль нэгдэж Уралын Холбооны их сургууль болж өргөжсөн ба фундамент дээр байгуулагдсан 95 жилийн түүхтэй сургууль бөгөөд нийт 300 гаруй мянган төгсөгчтэй. Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн бүх салбарт сургалт, судалгаа явуулдаг бөгөөд ОХУ-ын хамгийн их сургалтын хөтөлбөртэй их сургуульд тооцогддог аж.
Уралын холбооны их сургууль нь 5600 багш, 57000 гаруй оюутан, гадаадын 1200 гаруй иргэд суралцдагаас 23 монгол оюутан хүмүүнлэгийн салбарын бакалаврын түвшинд суралцдаг байна.
QS World University Ranking- 550-600 дугаарт
QS University Rankings: BRICS- 80 дугаарт
Webometrics Ranking – 7 дугаарт тус тус эрэмблэгддэг тус сургууль нь гадаадын 400 их дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд МУИС-тай хамтарч ажиллах гэрээний дагуу Археологи, Урлаг судлал, Түүх , Утга зохиол, Аялал жуулчлалын маркетинг, Угсаатан зүй, антрополог, Хэл соёл , Сэтгүүл зүйн салбаруудад хамтран ажиллахаар санал нэгдээд байна.