МУИС, ШУС, БУС-ийн Химийн тэнхимийн Химич, химийн багш хөтөлбөрөөр эзэмшүүлэх мэргэжил сурталчлах үйл ажиллагаа 2015-12-14-ний даваа гаригт өдрийн 09:00-16.00 цагийн хооронд МУИС-ийн хичээлийн 1-р байрны дугуй зааланд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.
Энэхүү үйл ажиллагааг химийн тэнхимд химич, хими байгаль шинжлэлийн багш, нефтийн хими, хүрээлэн буй орчны хими, нүүрсний хими, хүнсний хими, байгалийн нэгдлийн хими хөтөлбөрөөр суралцаж буй I-IV ангийн оюутнууд болон химийн тэнхимийн хичээлийн хамтлагууд, судалгааны багууд хамтран зохион байгуулсан бөгөөд МУИС-ийн бусад сургууль, тэнхмийн оюутнууд оролцсон байна.
Хичээлийн хамтлагууд:
- Ерөнхий органик бус хими
- Аналитик хими
- Органик хими
- Физик хими
- Хими дидактик
Судалгааны багууд:
- Органик синтез, шатах ашигт малтмалын хими, хими-технологийн судалгаа
- Физик химийн судалгаа
- Хими дидактикийн судалгаа
- Хүрээлэн буй орчны эрсдлийн үнэлгээ, химийн хэмжил зүйн судалгаа
- Эмчилгээний хүнс, байгалийн нэгдлийн химийн судалгаа
- Өнгөт, үнэт, ховор элементийн химийн судалгаа
- Эрдэс, түүхий эдийн биогеотехнологи, орчны химийн хавсарсан судалгаа
Өдөрлөгийн үеэр химич, химийн багш мэргэжилтний давуу тал, ажлын байр, мэргэжлийн онцлог зэргийг илтгэсэн презентаци, ханын самбар, сонирхолтой туршилт зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулагдаж танилцуулга хийгдсэн байна. Энэхүү өдөрлөгт манай химийн тэнхимийн давхардсан тоогоор 220 гаруй оюутнууд хүрэлцэн ирж, хөтөлбөрөө хариуцан ажиллаж байгаа оюутан, багш нараас зөвлөгөө, мэдээлэл авч, эргэлзсэн асуултууддаа хариулт авч байлаа.
Өдөрлөгийн үеэр Ш.Сайнбилэг багшийн хариуцан авсан Багшийн ангийн 3 ба 4-р түвшний оюутнууд өөрсдийн бэлтгэсэн 4 туршилтыг хийж үзүүлсэн нь их сонирхолтой байсан.
Мөн МУИС-ийн бусад байруудад өдрийн туршид мэргэжлийн хөтөлбөр сурталчлах өдөрлөгийн жижиг урилгыг тараасан нь I түвшний оюутнуудын оролцоог нэмэгдүүлсэн. Судалгааны хамтлагууд бүтэн өдрийн туршид танилцуулга хийж, бакалавр, магистрын оюутны эрдэм шинжилгээний ажил, бүтээл, гаргасан амжилт зэргийг танилцуулсан нь нэлээд дэвшилттэй болсон. Мөн химийн тэнхмийн оюутан Э.Баясгалан (ХБОХ-IV), У.Баяржаргал (БН-IV), Т.Айсауле (ХБШБ-IV), Б.Энхцэцэг (Нефть-III), Т.Пагамдулам (Нефть-III), Баясгалан (Хүнс-IV), Б.Золзаяа (Нүүрс-III), Б.Сэмжид (Хими-II) нар өдөрлөгт оролцогчдод зориулж мэндчилгээ дэвшүүлж, төрөл бүрийн урлагийн тоглолт тоглож үзүүлсэн нь сонирхолтой байлаа.