Математикийн хүрээлэнгийн 2016 оны судалгааны их семинар эхэллээ

Share Button

МУИС-ийн Математикийн хүрээлэнгийн 2016 оны судалгааны их семинарууд эхэлж байна. 2016 оны анхны зочноор ОХУ-ын ШУА-ийн сибирийн салбарын Системийн динамик, удирдлагын онолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, шинжлэх ухааны доктор, профессор Булатов Михайл Вальерянович уригдсан оролцоно.

Тэрээр “Интегро-алгебрын тэгшитгэлүүд: онол ба тоон аргууд” сэдвээр илтгэл тавих юм. Интеграл тэгшитгэлд хандах цоо шинэ сонирхолтой хандлагын талаарх хэрэгцээт мэдээллийг мэдэж авахыг хүсвэл манай семинарт хүрэлцэн ирээрэй.

Семинар 2016 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 15.00 цагаас МУИС-ийн хичээлийн 8-р байрны 204 тоотод болно. Семинарт хамрагдахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй тул та бүхэнд өргөнөөр оролцоно уу.

Дашрамд дурьдахад: Математикийн хүрээлэнгийн судалгааны их семинар 2012 оноос эхлэн тогтмол явагдаж байгаа бөгөөд 44 удаагийн семинараа зохион байгуулах гэж байна. Хүрээлэнгийн семинаруудад гадаадын нэр хүндтэй судлаачид уригдан оролцож математикийн ухааны хамгийн сүүлийн үеийн ололт амжилт, судалгааны хамгийн шинэ соргог чиглэлүүдийн талаар танилцуулахаас гадна гадаад оронд эрдмийн зэрэг хамгаалаад дөнгөж ирсэн монгол залуу эрдэмтэд өөрийн судалгааны цоо шинэхэн үр дүнг танилцуулан илтгэдэг уламжлал тогтоод байна.

Түүнчлэн, 2014 оноос эхлэн эх орондоо математикийн ухааны докторын зэрэг хамгаалахын өмнөх хэлэлцүүлэг /урьдчилсан хамгаалалт/ -ийг тус семинар дээр хийдэг болсон юм. Одоогийн байдлаар математикийн ухааны 5 шинэхэн доктор тус семинар дээр илтгэснийхээ дараа эрдмийн зэргээ амжилттай хамгаалаад байна.

Мэдлэг бол хуваалцах тусам үрждэг өвөрмөц баялаг юм. Өөрт байгаа мэдлэгээ бусадтай хуваалцах, бусдын мэдлэгээс хуваалцах, судалгааны шинэ санаа, чиглэл олох, судалгааны ажил хийх арга барилд суралцах, урам зориг орох, судлаачид хоорондоо танилцах, хамтран ажиллах үүд нээгдэх гээд судалгааны их семинарт оролцохын ашиг тус их билээ.

Математикийн судалгаа хийдэг, математикийн ухааныг сонирхдог, математикийн ухааны аргуудыг судалгаандаа хэрэглэдэг хэн бүхний өмнө манай хүрээлэнгийн хаалга үргэлж нээлттэй байх болно.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар