МУИС-ийн Оюутны албанаас 2015-2016 оны хичээлийн жилийн хаврын улиралд хэрэгжүүлэх боломжтой төслийн сонгон шалгаруулалт зарлаж байна.
А. Сонгон шалгаруулалтын зорилго:
Чанартай, үр өгөөжтэй, хүртээмжтэй, оюутны өөрийн оролцоонд түшиглэсэн үйлчилгээг үзүүлэх замаар оюутны хөгжлийг дэмжих, тэднийг нийгмийн идэвхтэй гишүүн болгон хөгжүүлэхэд оюутны байгууллага, клубын оролцоог хангахад чиглэнэ.
Б. Төслийн хамрах хүрээ, үндсэн чиглэл:
- Оюутны мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, дэмжих
- Урлаг, соёл, спортын авьяас чадварыг нээх хөгжүүлэх
- Илтгэх, мэтгэлцэх ур чадварыг нэмэгдүүлэх
- Эрүүл амьдрал, эрүүл ахуйн зөв хэвшлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Оюутны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх
- Оюутны судалгаа, эрдэм шинжилгээний ур чадварыг нэмэгдүүлэх,
- Сурах явцад дэмжлэг үзүүлэх, зөвлөх
- Хувь хүний хөгжил, манлайллыг хөгжүүлэх
- Нийгэм, хүмүүнлэгийн үйл ажиллагаа
- Нийгмийн зорилтот бүлэгт хандсан нөлөөлөл, хамгааллын үйл ажиллагаа
- Мэргэжил, элсэлт, сургууль сурталчилах үйл ажиллагаа
Зарлаж буй төслийн хүрээнд Оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах, бэлэг тараах зэрэг халамжийн үйл ажиллагаа, баяр наадам, шоу цэнгээн хийхэд дэмжлэг үзүүлэхгүй.
В. Төсөл ирүүлэх клуб, байгууллагад тавих шаардлага:
- Хүсэлт ирүүлж буй клуб, байгууллагын сүүлийн 1 жилийн үйл ажиллагааны тайлан /товч бөгөөд тодорхой/
- Клуб, оюутны байгууллагын зорилго, үйл ажиллагааны танилцуулга, гишүүдийн тойм мэдээлэл, хүснэгтийн дагуу [gview file=”https://news.num.edu.mn/wp-content/uploads/2016/01/мэдээлэл-авах-хүснэгт.docx”]
Г. Төслийн баримт бичигт тавих шаардлага
- Төслийн үндэслэл, хэрэгцээ, нөхцөл байдлын үнэлгээ хийсэн байх, 2. Тодорхой зорилго, зорилттой, эрсдлийн менежментэд суурилсан байх, 3. Хүрэх үр дүнг урьдчилан тооцож, үр шимийг хүртэх нийгмийн зорилтот бүлгүүдийг тодорхойлж, шалгуур үзүүлэлтийг хэмжигдэхүйц байдлаар боловсруулсан байх, 4.Төлөвлөсөн ажлыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүн хүч, мөнгө санхүүгийн тооцоо төсөвтэй байх, 5. Хэрэгжилтийн явцад мониторинг хийх, үнэлэх, тайлагнах, хариуцлага тооцох механизмыг тооцсон байх, 6. Үйл ажиллагааг ил тод байлгах арга зам, хэлбэрийг төлөвлөсөн байх зэрэг шаардлагыг хангасан байх, 7. Төсөл хэрэгжүүлэх багийн гишүүдийн туршлага, мэдлэг ур чадварыг илтгэх товч намтар.
Д. Төслийн үргэлжлэх хугацаа:
- Төсөл нь 2016 оны 2-р сарын 29-ний өдрөөс 2016 оны 6-р сарын 05-ны хооронд бүрэн хэрэгжиж, тайлагнаж дууссан байна.
Е. Төслийн санал хүлээн авах, шийдвэрлэх хугацаа:
- Төслийг 2016.02.22-ны өдрийг дуустал МУИС-ийн Оюутны алба хүлээн авна. Төслийг файлаар Enkhjargal@num.edu.mn хаягаар дурьдсан хугацаанд ажлын цагт багтаан ирүүлнэ үү. Хугацаа хэтэрсэн төслийг хүлээн авах боломжгүй.
- Төслийн сонгон шалгаруулалтыг МУИС-ийн захирлын тушаалаар байгуулсан комисс хариуцан явуулах бөгөөд үр дүнг 2016 оны 2-р сарын 29-ний дотор нийтэд зарлана.
МУИС-ийн Оюутны алба