Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 452 тоот тогтоолоор Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит болгохоор шийдвэрлэсэн.
Улмаар хаврын тэргүүн сарын шинийн дөрөвний билэгт сайн энэ өдөр МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Ардын багш, Гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит болгох ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болж өнгөрлөө. Ёслолын арга хэмжээнд Гавьяат хуульч Б.Чимэдийн гэр бүл болоод үр хүүхдүүд, хууль зүйн сайд, салбарын үе үеийн төлөөлөгчид, МУИС-ийн удирдлагууд болон эрдэмтэн багш нар байлцлаа.
Шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, ардын багш, гавьяат хуульч Б.Чимид 1966 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөнөөс хойш тус сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, Шүүх яамны сайд, Улсын дээд шүүхийн дарга, АИХ-ын Тэргүүлэгчдийн газарт хэлтсийн дарга, Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга, 1992-1996 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байжээ.
Б.Чимид нь Монгол Улсын засаг захиргааны анхны нэгж, батлан хамгаалах салбар, боловсролын салбар, шүүх эрх мэдэл, хууль тогтоох болон гүйцэтгэх дээд байгууллагад 60 гаруй жил ажиллахдаа эрдэм шинжилгээний ажилд мэдлэг чадвар, дадлага, туршлагаа зориулсан судлаач байлаа. Улс төрийн чухал баримт бичгүүд, хууль боловсруулах ажлыг тасралтгүй хийсний дотор шинэ Үндсэн хууль боловсруулахад мэргэжил, арга зүйн талаар зохицуулан оролцож, парламентаар хэлэлцэн батлахад Үндсэн хуулийн эх баригчаар томилогдон ажилласан юм. Хуульч боловсон хүчин бэлтгэх ажилд амьдралынхаа 50 гаруй жилийг зориулан, Эрх зүйн үндэс, Монголын төр, эрх зүйн түүх, Үндсэн хуулийн болон захиргаа, санхүү, иргэний эрх зүй, хүний эрх, захиргааны шүүхийн асуудал зэрэг мэргэжлийн олон хичээл зааж, олон мянган хуульч бэлтгэсэн сурган хүмүүжүүлэгч юм.