“Арван долдугаар зууны Монгол түүхэн сурвалжийн тулгуур эхүүд” таван боть номын нээх ёслол МҮНС-ийн их танхимд саяхан боллоо.
Номын хуримд БСШУЯ-ны сайд Ё.Отгонбаяр, Улсын Их хурлын тамгын газрын дарга Ц.Шаравдорж, академич Ш.Бира, академич Д.Төмөртогоо, ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Т.Галсан, Д.Цоодол, Б.Бааст, төрийн шагналт зохиолч Д.Гармаа, нэрт яруу найрагч Д.Урианхай, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн С.Оюун, МҮНС-ийн дарга, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Х.Чилаажав, Мөнхийн үсэг группийн захирал Д.Ганбат, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким болон бусад олны танил эрдэмтэн судлаач, багш оюутны төлөөлөгчид байлцав.
Таван боть номд 1.Хаадын үндсэн хураангуй алтан товч, 2. Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан алтан товч хэмээх оршвой (Лу.Алтан товч), 3. Эртний монголын хаадын их шар тууж, 4. Хаадын үндэсний эрдэнийн товч, 5. Асрагч нэртийн түүх зэрэг түүхэн сурвалж эхийн өнгөт хуулбар, эх бичгийн иж бүрэн судалгааны хамт оржээ. Эхний хоёр сурвалжийг МУИС-ийн МХСС-ийн Эх бичиг Алтай судлалын тэнхимийн багш доктор, профессор Ш.Чоймаа, гутгаар сурвалжийг ШУА-ийн Түүхийн Хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун, дөтгөөр сурвалжийг МУИС-ийн МХСС-ийн Эх бичиг Алтай судлалын тэнхимийн эрхлэгч, доктор М.Баярсайхан, тавдугаар сурвалжийг МУИС-ийн МХСС-ийн багш, эдүгээ Осака хотод зочин профессороор ажиллаж буй доктор Д.Заяабаатар тус тус судалж эрдэм шинжилгээний оршил, тайлбар бичин, галиг, хөрвүүлэг, үгийн хэлхээг хийсэн байна.
Уг таван ботид өнгөт хуулбар нь орсон таван эх бол тухай тухайн сурвалжийнхаа дэлхий дэх цорын ганц буюу хамгийн шилдэг тулгуур эхүүд бөгөөд цөм Монгол улсад /Үндэсний номын сан буюу хувь хүнд/ хадгалагдаж буй хосгүй үнэт номд тооцогддог билээ. Номын дотор хавтсанд зохиогчид
“Эх сайхан сургуулийнхаа
Эрхэм бэлгэт 70 жилийн ойд
Эрдмийн суварга босгоё гэсэн чин сэтгэлээр
Эл таван боть бүтээлийг өргөвэй”
хэмээн өргөл үг айлтгажээ. Эрдмийн суварга болсон уг таван ботийн тулгуур эхийг судалж хэвлүүлэх үйлсийг МУ-ын гавьяат багш, төрийн соёрхолт Ш.Чоймаа санаачлан удирдаж, “Мөнхийн үсэг” групп чанарын өндөр төвшинд хэвлэжээ.