“Оюутан цэрэг-2016” хөтөлбөр эхэллээ

Share Button

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Оюутан цэрэг” хөтөлбөрийг 3 дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна. Уг хөтөлбөрт 2014 онд 418, 2015 онд 995 оюутан хамарсан бол энэ жил 1000 орчим оюутан хамрагдаж байна. “Оюутан цэрэг-2016” хөтөлбөр Нийслэлээс гадна Ховд, Дорнод аймагт хэрэгжих юм. Тодруулбал, Нийслэлд 750, Ховд аймагт 150, Дорнод аймагт 100 оюутан, МУИС-аас 150 гаруй оюутан залуус “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдана.

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон:  “Өнгөрсөн жилийн “Оюутан-цэрэг” хөтөлбөрт оролцсон оюутан-цэргүүд сургалтын хөтөлбөрөө бүрэн биелүүлж, маш идэвхтэй сайн суралцаж буудагч-тасгийн дарга мэргэжил эзэмшиж хугацаат цэргийн албан хаагчидтай эн зэрэгцэхүйц сайн суралцсан. Энэхүү хөтөлбөрийн хэрэгжилтийн дүнг Батлан хамгаалахын сайдын зөвлөлөөр хэлэлцээд хангалттай гэж үзэн, хөтөлбөрийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээний хүрээнд шинээр боловсруулсан “Цэргийн албаны тухай” хуулийн төсөлд их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч цэргийн насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр “Оюутан цэрэг” сургалтад  хамрагдаж, цэргийн мэргэжил эзэмшин цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэхээр тусган УИХ-д өргөн бариад байгаа гэдгийг энэ үеэр дуулгалаа. 

Өнгөрсөн жил хэрэгжсэн хөтөлбөрийн дүнд  Монгол Улсын цэргийн насны оюутан залуус иргэний цэргийн үүргээ биелүүлэх нөхцлийг нэмэгдүүлж,  цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийсэн гэж үзэж буй.  Мөн их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаах бололцоог бүрдүүлсэн,  залуус цэрэг эх  оронч үзэл бодолтой, эх орноо батлан хамгаалах эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэлтэй болсныг дээрх үеэр  онцлон хэлж байлаа.

1 2 3 4 5 6 7 8

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар