МУИС-ийн Шинжлэх Ухааны Сургуулийн Геологи, геофизикийн тэнхимээс санаачлан 2015 оноос эхлэн Монголын геологийн боловсрол, судалгаанд томоохон үүрэг гүйцэтгэсэн ахмад багш, нэрт эрдэмтдийн мэндэлсний тэгш ойг тохиолдуулан тэдний үйл хэрэг, алдрыг мөнхжүүлэх, залуу геологичдод таниулах, судалгааны өвийг хадгалан хамгаалах зорилгоор дурсамжийн ном эрхлэн гаргаж байгаа билээ.
2016 оны 3-р сарын 11-нд Монгол Улсын профессор, ШУТИС-ийн Хүндэт профессор, доктор, геологич Самдангийн Дашдаваа агсаны амьдралын замнал, шинжлэх ухааны амжилт, бүтээлд зориулсан дурсамжийн хурал, номын нээлтийг хийлээ. Үүний зэрэгцээ МУИС-ийн ШУС-ийн Захирлын 2015 оны 12-р сарын 24-ний өдрийн А/377 тоот тушаалаар проф. С.Дашдаваагийн нэрэмжит болгосон Минералоги – петрографийн лабораторийн нээлтийг хийв.
Профессор С.Дашдаваа бол Монголын геологийн боловсролоор зогсохгүй орчин цагийн инженерийн боловсролыг хөгжүүлэхэд туйлын ихээр хүчин зүтгэж өнөөгийн зэрэгт хүргэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн авъяаслаг зохион байгуулагч, сурган хүмүүжүүлэгч, нэр хүндтэй эрдэмтэн, чухамдаа Монголын инженерийн боловсролын ‘ноён нуруу’ байсан хүн юм.
Тэрээр 1972-1992 оны хооронд МУИС-ийн харьяа ПДС, ТИС-д хичээл ангийн эрхлэгч, проректороор ажиллаж байх хугацаандаа манай оронд инженер техникийн боловсон хүчин бэлтгэх ирмүүн хөдөлмөрийн үед инженерийн мэргэжлийн шинэ салбаруудыг шинээр нээх, тэдгээрийн сургалтын төлөвлөгөөг зохиох, багшлах боловсон хүчнийг бүрэлдүүлэх, инженерийн боловсролыг бэхжүүлэх, материаллаг баазыг сайжруулах ажлуудыг гардан гүйцэтгэсэн билээ.
Монгол улсын ууган их сургууль МУИС-д Геологийн анги зайлшгүй байх шаардлагаар МУИС-ийн Ректорын 1991 оны 4-р сарын 9-ний “Геологийн тэнхим нээн ажиллуулж, багш шилжүүлэх тухай” 266 тоот тушаал гарч, тухайн оны 4-р сарын 1-нд БУФ-ийн дэргэд Геологийн тэнхим байгуулагдсанаар МУИС-д геологийн мэргэжилтэн бэлтгэх ажлыг С.Дашдаваа багш хоёр дахь удаа гардан зохион байгуулсан түүхтэй.
Энэ үйл ажиллагаанд МУИС-ийн ЗХШҮА-ы дарга, док. В.Батцэнгэл, МУИС-ийн ШУС-ийн захирал, док. Б.Баяртогтох нар нээлтийн үг хэлж оролцсоноос гадна С.Дашдаваа багшийн гэр бүл, үр хүүхдүүд, хамтран зүтгэж байсан эрдмийн хамт олон, шавь нарынх нь үе үеийн төлөөлөл оролцов.