ОХУ-ын Москва хотын Эдийн засгийн дээд сургуулийн (Высшая школа экономики) гадаад оюутаны элсэлт хариуцсан мэргэжилтэн болон гадаад харилцааны мэргэжилтнүүд ОХУ-ын засгийн газрын тэтгэлэгт хэрхэн хамрагдаж тус сургуульд суралцах боломжийн талаар МУИС-ийн оюутнуудад зориулан танилцуулга уулзалт хийнэ. Уулзалт 2016 оны 4 дүгээр сарын 25-ны (Даваа гариг) 10:00 цагт МУИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны Дугуй танхимд болно. Оюутан та бүгдийг өргөнөөр ирж сонирхсон асуултууддаа мэдээлэл авахыг уръя.
Тус сургууль 1992 онд шинэ эдийн засгийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор байгуулагдсан ба хурдан хугацаанд салбар дундын их сургууль болж өнгөрсөн хорин жилийн хугацаанд 10 дахин томорч Оросын хамгийн өрсөлдөх чадвар сайтай, нэр хүндтэй сургуулиудын нэг болсон байна. Москва, Санкт-Петербург, Доод Новгород, Перм хотуудад кампустай, 100 гаруй судалгааны төвтэй, 2500 багштай, 27000 оюутантай уг сургууль Компьютерийн шинжлэх ухаан, Эдийн засаг, Санхүү эдийн засаг, Хүмүүнлэг, Менежмент, Математик, Орос судлал, Орос хэл, Нийгмийн шинжлэх ухаан болон Дэлхийн эдийн засаг ба Олон улсын харилцааны чиглэлээр сургалт явуулдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг www.hse.ru линкээс авна уу.