АНУ-ын Харвардын их сургуулиас жил бүр зохион байгуулдаг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Загвар Хуралдаан (Мини НҮБ) нь Харвардын оюутнуудын санаачлагаар даяарчлал, дэлхий дахины эв нэгдлийг билэгдэлээ болгон олон улсын 100 гаруй оюутан залуучуудыг хамран анх 1992 онд Польш улсын Миндзиздрое хотод зохиогдсоноор үүссэн байна. Өдгөө дэлхийн 110 гаруй улсын 2500 орчим оюутан оролцдог, нөхөрлөл хамтын ажиллагааг өдөөдөг томоохон хэмжээний олон улсын хурал болжээ. Тус хурал нь жинхэнэ НҮБ хуралдааны орчинд ажиллах, туршлага хуримтлуулах, олон улсын харилцааны талаар сонирхдог оюутнуудад өргөн боломж олгодог юм. “НҮБ-ын Загвар Хуралдааны Олимп” гэгдэх энэ хурал сүүлийн жилүүдэд олон улсын түвшинд цар хүрээгээ өргөжин тэлж олон улсын хамтын ажиллагаанд чиглэсэн өндөр түвшний дипломат мэтгэлцээн явуулдгаараа онцлог бөгөөд өмнөх жилүүдэд Мексик, Хятад, Бразил, Египт, Тайван, Сингапур, Канад, Өмнөд Солонгос зэрэг улсуудад зохиогдсон байна.
Харвардын Дэлхийн НҮБЗХ-ны нээлтийн үйл ажиллагааны үеэр
Харвардын Дэлхийн НҮБЗХ-ны нээлтийн үйл ажиллагааны үеэр Италийн Ерөнхий Сайд Маттео Рэнзи үг хэлэв
Энэ жил НҮБЗХ-ны 25 жилийн ой тохиосон бөгөөд энэхүү баярын хүрээнд Харвардын их сургууль, Италийн Сапиенза их сургуультай хамтран НҮБЗХ-г Итали улсын Ром хотноо 2016 оны 3-р сарын 14-18-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэ хуралд Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудыг төлөөлж Б.Дэлгэржаргал (МУИС ОУХ 4-2) ахлагчтай МУИС ОУХНУС-н Загвар НҮБ Клубын II-IV дамжааны нийт 12 оюутны бүрэлдэхүүнтэй баг Либери улсыг төлөөлөн оролцсон ба тус клубын гишүүд 2015 онд Солонгосын Сѳүл хотноо зохион байгуулагдахад нь анх удаа Монгол улсаа тѳлѳѳлѳн Норвеги улсын байр суурийг хамгаалж тогтоолын тѳсѳл батлуулахаар 5 хоног мэтгэлзэж, Англи хэлээр мэтгэлцэж сурах, дипломат ур чадварт суралцах, олон улсын түвшинд мэргэжил нэгт оюутан залуустай үзэл бодлоо хуваалцаж эх орноо сурталчлахын зэрэгцээ мартагдашгүй дурсамжтай мөчүүдийг хамтдаа өнгөрөөж байжээ. Мөн эх орныхоо нэрийг тѳдийгүй их сургуулийнхаа нэрийг ѳргѳн Харвард, Принстон, Оксворд гэх зэрэг дэлхийн 110 орны шилдэг их сургуулиудтай ѳрсѳлдѳх боломжийг олгон үйл ажиллагааг нь дэмжиж гүн туслалцаа үзүүлсэн МУИС болон МУИС ОУХНУС-ын сургуулийн захиргаандаа МУИС-ын Загвар НҮБ Хуралдааны клубын нэрийн өмнөөс талархал илэрхийлэхийг хүслээ.
МУИС ОУХНУС-н Мини НҮБ-н клубын бүрэлдэхүүн:
Ард, зүүнээс баруун: Мөнх-Од, Э.Анударь, Г.Батзориг, Б.Батчимэг, Г.Намуун, Х.Дөлгөөн Урд, зүүнээс баруун: Ж.Болор, Б.Дэлгэржаргал, Х.Мөнхнаран,Э.Түвшинбаяр, Х.Очир нар тус тус Либерийн Бүгд Найрамдах Улсыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Шинжлэх ухаан, технологийн хороо, Тусгай, улс тѳр, колоничлолоос ангижрах комисс, Тогтвортой хөгжлийн асуудлаарх өндөр түвшний улс төрийн форум, Африкийн Холбоо, Нийгэм, хүмүүнлэгийн болон соёлын хороо, Зэвсэг хураах, олон улсын аюулгүй байдлын хороо Хууль зүйн хороодод тѳлѳѳлѳн оролцжээ.
Итали улсад суугаа Монгол улсын элчин сайд-тай уулзсан нь:
Манай улс нь 2011 оны 10 сарын 18нд Итали улсад элчин сайдын яам байгуулах хоёр улсын хамтарсан шийдвэр гарч 2012 оны дунд үеэс Монгол улсын ЭСЯ нь үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж ээ. Монгол улсаас Итали улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ш.Одонбаатар МУИС ОУХНУС-н Мини НҮБ-н хамт олныг хүлээн авч уулзав.
Ромын XVI Пап лам Францис хуралд хүрэлцэн ирсэн оюутнуудыг хүлээн авч үг хэлэв. Пап ламтантай уулзсаны дараагаар бүх улсын тѳлѳѳлѳгчдѳд Италийн түүхэн хот Ром үүдээ нээж Ватиканы сүмээс Колизейн доторхи хүртэл парадлан алхав.
Global Village соёлын үйл ажиллагааны үеэр Монгол улсынхаа соёлыг танилцуулав
Дэлхийн шилдэг их сургуулиудын нэг Харвардын их сургуулиас үлгэр дууриалал авч суралцах зүйлс багагүй байгаа бөгөөд хурлын загвар, үйл явц, гишүүдийн оролцоо гэх зэрэг дээр үндэслэн Монгол дахь НҮБЗХ-г улам сайжруулах, дараа дараачийн олон улсын ба дотоодын түвшний Мини НҮБ-д оролцох хүсэлтэй оюутан залуустай цаашид хамтарч ажиллахаа МУИС ОУХНУС-н Мини НҮБ багийн хамт олон мэдэгдлээ. МУИС ОУХНУС-н Мини НҮБ-н клуб нь 2016 оны 5-р сард Улаанбаатар хотноо үндэсний хэмжээнд оюутан залуучуудын хүрээнд НҮБ-ын Загвар Хуралдааныг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.
“Дэлхийн өнцөг булан бүрийн 50000 гаруй оюутан залуусыг нэгтгэж орон орны нөхөрлөл, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, соёл, үзэл бодлын нээлттэй байдал зэргээр ОУНҮБЗХ-ны уур амьсгалыг түгээж байгаадаа би туйлын баяртай байна.” – Харвардын НҮБЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Жозэф Холл.
Social Venture Challenge
Харвардын их сургуулиас зохион байгуулдаг НҮБЗХ-ны салшгүй хэсэг болох Social Venture Challenge хэмээх залуу оролцогчдын нийгэмд чиглэсэн бүтээлч санаануудыг тусгасан ашгийн бус төслийн тэмцээн нь эрүүл мэнд, боловсрол, хүний эрх, технологи, ус хамгаалал болон бусад чиглэлээр бүтээлч шийдлүүдээ бодитоор хэрэгжүүлэх боломжийг олгодог бөгөөд уг тэмцээнд МУИС ОУХНУС-н оюутнууд Х.Мөнхнаран, Г.Намуун, Б.Батчимэг нар амжилттай оролцсон бөгөөд Монгол улсад тулгамдаж буй асуудлуудын нэг болох хүрээлэн буй орчин, дахин боловсруулалт, модгүйжилт зэрэг сэдвээр арга зам санаачилж, танилцууллаа. 2015 оны Сѳүл дэхь тус хуралдаанд Ж.Гэрэлчимэг, Б.Дэлгэржаргал, Ж.Болор нарын “Acheiving Community Excellence” буюу Нийгмийн Оргил Ѳѳд тѳсѳл амжилттай өрсөлдөн тэргүүлж, 2000 ам.долларын санхүүжилт авч Монголын амьжиргааны түвшин доогуур орлоготой өрхийн суралцагчдад боловсролын зөвлөгөө, сургалт өгөх, гадаад, дотоодын их сургуулийн тэтгэлэгт хамрагдах боломжийг нээн таниулах чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр сонгогдож ажиллаж байгаа зэрэг олон ололт амжилтаар дүүрэн эх орондоо буцаж ирсэн байна.