Францын сенатын танхимын гишүүд айлчиллаа

Share Button

2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр БНФУ-ын сенатын танхимын гишүүн,  Сенатын танхимын Франц, Монголын найрамдлын бүлгийн дарга ноён Франсуа Пие, сенатор ноён Филипп Мүие, Сенатын танхимын захиргааны ажилтан, найрамдлын бүлгийн нарийн бичиг Икзавье Вэрн нар МУИС-д айлчиллаа. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд БНФУ-аас Монгол улсад суугаа элчин сайд хатагтай Элизабет Барсак болон Соёл, Хамтын ажиллагааны зөвлөх Жан-Флоран Филтц нар байлцлаа.

Уулзалтын эхэнд МУИС-ийн захирал Др. Р. Бат-Эрдэнэ зочдыг МУИС-д айлчлан ирсэнд талархсанаа илэрхийлээд монголын боловсролын салбар дахь өөрчлөлт шинэчлэлт, МУИС, БНФУ-ын их дээд сургуулиудын хамтын ажиллагааны талаар мэдээлэл өгсөн юм. Франц хэлтэй мэргэжилтэн, багш бэлтгэх талаараа улсдаа тэргүүлэгч их сургуулийн хувьд МУИС франц хэлийг зөвхөн франц хэл сонгон суралцаж байгаа оюутнууд төдийгүй бусад салбарын оюутнууд ч үзэх боломжийг судалж үзэх нь зүйтэй гэдгийг тэрээр дурдлаа.

Мөн хоёр тал боловсролын салбарт хамтарч ажиллах өргөн боломжууд бий гэдгийг онцлон тэмдэглэж байгаль орчин, биологи, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүч зэрэг салбаруудад хамтарсан судалгааны ажлуудыг Европын холбооны санхүүжилтээр явуулах боломжийн талаар ярилцлаа.

Түүнчлэн францын нэр хүнд бүхий их дээд сургуулиудад суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлэх, монгол улсад үйл ажиллагаагаа явуулж буй францын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллагуудын тэтгэлэгээр франц улсад оюутан сургах боломжийг бий болгох талаар хоёр тал санал солилцов.

14407804_10154731476167044_209801135_o (2)