Өчигдөр МУИС-ын захирал С.Төмөр-Очир ОХУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Виктор Васильевич Самойленког хүлээн авч уулзлаа. Уулзалтанд МУИС-ийн сургалт эрхэлсэн дэд захирал Р.Ринчинбазар, ГХСС-ийн захирал Д.Бадмаанямбуу, Слав судлалын тэнхимийн багш Н.Нансалмаа, Ш.Туяа, Ч.Цогзолмаа болон ОХУ-ын элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга О.К.Ракшаева, Оросын соёл, шинжлэх ухааны төвийн захирал Е.Г.Михайлов, РЦНК-ийн дэргэдэх орос хэлний төвийн захирал О.Ф.Георгиевич нар хүрэлцэн ирсэн юм.
Энэ жил МУИС-ийн 70 жил, Слав судлалын тэнхимийн 20 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм. Үүнтэй холбогдуулан ОХУ-ын засгийн газраас орос хэлний сургалтыг дэмжих зорилгоор МУИС-ийн орос хэлний ангийн оюутнуудад сургалтын хэрэглэгдэхүүн болгож 11 мянган ам.долларын үнэ бүхий 42 нэр төрлийн 350 гаруй ном сурах бичгийг бэлэг болгон өглөө.
“МУИС-д 1952 оноос орос хэлний тэнхим байгуулагдаж орос хэлний багш, орчуулагчдийг бэлдэн төгсгөж ирсэн олон жилийн түүхтэй. Сүүлийн жилүүдэд орос хэлний ангид суралцах оюутны тоо цөөрөх хандлагатай байна. Харин энэ чиглэлээр суралцдаг оюутнуудад анхаарал хандуулж байгаа нь сайшаалтай юм. Бид ч мөн орос хэлний сургалтыг дэмжиж Слав судлалын тэнхимийн оюутнуудаа Халимагийн Их Сургуульд нэг семистрийн хичээлд суулгаж, хэлний мэдлэгээ бататгах дадлага олгож байна” гэж захирал С.Төмөр-Очир хэлэв.