МУИС-ийн багш, оюутнууд олон улсын технологид суурилсан
эх хэлний нээлттэй цахим толь бичгийг хөгжүүлнэ.
Монгол хэлний викитоль нь олон улсын википедиа толийн технологид суурилан бүтээсэн монгол хэлний үгийн утгын дэлгэрэнгүй тайлбар бүхий нээлттэй цахим толь бичиг юм. Энэхүү толь бичгийг Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамны захиалгаар Нээлттэй Мэдлэг Боловсролын Cангаас “НЭГ МОНГОЛ үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд бүтээн хөгжүүлж, Нэг монгол төслөөс 50 мянга орчим үг, хэллэгийн дэлгэрэнгүй тайлбарыг оруулж, тасралтгүй хөгжүүлэх үүднээс их дээд сургуулиудын багш нар, салбарын мэргэжилтнүүд, сонирхсон бүх хүн өргөнөөр, нээлттэйгээр оролцох боломжийг бүрдүүлжээ.
http:/mn.wiktionary.org
Эх хэлний тайлбар толь бичгийн зорилго нь эдүгээ эрчтэй хөгжиж буй мэдлэгийн салбарын үг, нэр томьёог албан ёсны болгож, түүнийг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар олон нийтэд танилцуулах явдал юм. Ямар ч сайн тайлбар толь бичгийг шинжлэх ухаан, нийгмийн хөгжилтэй уялдуулж, байнга шинэчлэх шаардлага тулгардаг. Монгол хэлний викитоль нь дэлхийн 200 хэлний нээлттэй толийг багтаасан Википедиа төслийн хэсэг учир интэрнэт дээр оюутан, судлаачдын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал суурь болох юм.
Монгол хэлний үгийн сан, хэрэглээний хүрээг тэлэн хөгжүүлэх, нэр томьёог системчлэх, шинэ ухагдахуун, ойлголтыг гүнзгийрүүлэн тайлбарлах чухал ач холбогдолтой энэхүү ажлыг цаашид тасралтгүй хөгжүүлэх үүргийг өнөөдрөөс эхлэн МУИС-ийн Монгол судлалын хүрээлэн албан ёсоор хүлээн авлаа. Ингэснээр цаашид МУИС-ийн сургалт, эрдэм шинжилгээний ажлын хөтөлбөртөө багтааж оюутан, багш, дотоод, гадаадын судлаачдын өргөн оролцоотойгоор эрчтэй хөгжүүлэхээр ажиллах болно.
МУИС нь сургалтад суурилсан их сургуулиас тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий академик мэдлэгийг нийгэм – эдийн засгийн эргэлтэд оруулдаг судалгааны их сургууль болгох зорилтыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд “Монгол хэлний викитоль”-ийг хөгжүүлэх үйл ажиллагаа уг зорилттой бүрэн нийцэж байна. Энэ толь нь Монголд хийгдэж буй судалгаа шинжилгээний үр дүнг нэгтгэж бүх дээд сургууль, оюутан, эрдэмтдэд нээлттэй байх юм.
“Монгол хэлний викитоль”-ийг Монгол улсын их сургуулийн багш, оюутнуудын оролцоотой хөгжүүлэх үйл ажиллагааны албан ёсны нээлт 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 15 цагаас МУИС-ийн 1-р байрны Эрдмийн танхимд болно.
МУИС-ийн багш, судлаач, ажилчид, оюутан та бүхнийг энэхүү үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
Зохион байгуулагч:
Нээлттэй Мэдлэг Боловсролын Сан,
Монгол Улсын Их Сургууль
МУИС-ийн Монгол Судлалын Хүрээлэн