XXI зууны технологийн дэвшлийн зэрэгцээ хүн ам нэмэгдэж, хотжилт хүрээгээ тэлж байна. Энэ нь хүн төрөлхтөний амьдрал ахуйдаа хэрэглэж буй техникийн нэг хэсэг болж байгаа байршлын системийн суурь нь газарзүйн байршил буюу орон зайн мэдээлэл, түүнээс улбаатай газарзүйн зураг болон зураглалын ойлголт юм. Газарзүйн зургийг ойлгож ашигладаг, үгүйдээ л танин мэдэхүйн хувьд мэддэг байх нь хүмүүст хир тустай болохыг газарзүйн зургийн түүхэн хөгжил, хүн төрөлхтөний түүхээс олонтаа харж болно.
Газарзүйн шинжлэх ухааны “Цагаан толгой” болсон газарзүйн зургийг танин мэдэх, ашиглах, зөв ойлгох, газарзүйн байршил, түүний хэмжээ, хамрах хүрээ зэрэг ерөнхий мэдлэгийг өгөх, түүнийгээ сорих, бататгахад туслах үүднээс анхлан Газарзүйн зургийг хэн сайн мэдэх вэ? танин мэдэхүйн уралдаант анхдугаар тэмцээнийг 2015 оны 3-р сарын 5-нд, хоёрдахь тэмцээнийг 2015 оны 10-р сарын 7-нд, гуравдахь тэмцээнийг 2016 оны 3-р сарын 19-нд МУИС-ийн Байгаль Эх Лицей Ахлах Сургууль амжилттай зохион байгуулсан билээ.
ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ
Хамрах хүрээ, зорилго: Газарзүй, байгалийн ухааны чиглэлээр суралцдаг ЕБС-ийн багш, сурагчдын дунд зохиогдох бөгөөд газарзүйн зургийн мэдлэгийг сорих, сайжруулах, олимпиадын бэлтгэлийг хангах, элсэлтийн шалгалтанд бэлтгэх зорилготой.
Зохион байгуулагч: МУИС-ийн Байгаль Эх Лицей Ахлах Сургууль
Тэмцээний ангилал: Сурагч, багш нарын ангилалд 2 гишүүнтэй нэг баг бүрдүүлж өрсөлдөнө. Багш нарын ангилал I үе шаттай, Сурагчдын ангилалд II үе шаттай болно.
- Хотоос оролцогчдын ангилалд Улаанбаатар хотын 9 дүүргийн ЕБС-ийн сурагчид 2 гишүүнтэй нэг баг бүрдүүлж оролцоно. Оролцогч багийн хураамж 4000₮
- Орон нутгаас оролцогчдын ангилалд 2 гишүүнтэй нэг баг бүрдүүлж оролцоно. Оролцогч багийн хураамж 2000₮
- Багш нарын ангилалд 2 гишүүнтэй нэг баг бүрдүүлж оролцоно. Оролцогч багийн хураамж 10000₮
Бүртгэл: 2017 оны 02-р сарын 10-наас 02-р сарын 17-ны 18:00 цаг хүртэл ажлын өдрүүдэд МУИС-ийн хичээлийн 7-р байр 201 тоотод ирж бүртгүүлнэ. Холбоо барих утас: 89391595
Бүртгүүлэхдээ багш нар ажлын үнэмлэх, иргэний үнэмлэх, сурагчид хувийн хэрэг эсвэл сурагчийн үнэмлэхээ авч ирэх ба тэмцээнд оролцохдоо дээрх бичиг баримтыг заавал авчирна. Хэрэв тэмцээн дээр ямар нэгэн бичиг баримтын зөрчил гарах, цагаасаа хоцрох тохиолдолд тэмцээнээс хасна.
Хугацаа: Танин мэдэхүйн тэмцээн 2017 оны 2-р сарын 18-ны бямба гаригт 11:00 цагаас МУИС-ийн Байгаль Эх Лицей Ахлах Сургуулийн экологийн боловсролын танхимд эхэлнэ.
Тэмцээний шагнал: Багш, сурагчдын ангилал тус бүрт 1-3 байр эзлүүлж дурсамж, медаль, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнана.
Танин мэдэхүйн тэмцээний даалгаврын ерөнхий зааварчилгаа: Танин мэдэхүйн тэмцээнээр физик газарзүйн зураг, нийгэм-эдийн засгийн газарзүйн зураг дээр зөвхөн газарзүйн зурагтай холбоотой тест, дасгал, дадлага ажлуудыг гүйцэтгэнэ.