БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газрын захиалгаар МУИС-ийн НШУС-ийн багш, судлаачдын гүйцэтгэж байгаа “Их, дээд сургууль, коллежийн багшийн хөгжил” төслийн үр дүнгийн танилцуулга энэ сарын 23-ны өдөр боллоо. Уг төслийн хүрээнд их, дээд сургууль, коллежийн багшийн хөгжил, ажлын үнэлгээ, багшийн мэргэжил, мэргэжил дээшлүүлэх тогтолцооны асуудлыг судалж байгаа бөгөөд төслийн явцад “ Монголын их, дээд сургууль, коллежийн багшийг чадавхижуулах хөтөлбөр”-ийн төсөлд тусгах багц саналыг боловсруулж мөн багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог сайжруулахад санал зөвлөмжүүдийг гаргажээ.
Энэ удаагийн хэлэлцүүлэг хурал нь багшийн ажлын ачааллыг оновчтой тогтоох, багшийн үр дүнд суурилсан тогтолцоо бий болгох, багшийн судлан шинжлэх чадварын асуудал, заах ур чадварыг дээшлүүлэх, ёсзүйн асуудал, багшийн ажлыг үнэлэх загвар боловсруулах, багшийн мэргэжил, мэргэжил дээшлүүлэх тогтолцооны загвар боловсруулах зэрэг асуудлаар хэлэлцэгдэв.
2011 оны 06 сараас 2012 оны 06 сарын хугацаанд ШУТ-ийн сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа энэхүү төсөл нь Монголын их, дээд сургууль, коллежийн багшийн хөгжлийг өнөөгийн байдлаар тодорхойлох зорилготой юм. “Өнөөгийн байдлын судалгааны аргазүй, боловсруулалт, дүгнэлтэнд захиалагч байгууллага хангалттай гэсэн үнэлгээ өгсөн” гэж төслийн багийн ахлагч МУИС-ийн НШУС-ийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх ухааны тэнхимийн профессор багш, доктор, дэд профессор Ж.Даваа хэллээ.