МУИС Стартап Лаб хөтөлбөр амжилттай хэрэгжиж өндөрлөлөө

Share Button

МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс, Технологи Дамжуулах Төв, ХШУИС-ийн Машин оюуны лаборатори, Бизнесийн сургуулийн Бизнес Консалтинг Төв хамтран зохион байгуулсан МУИС Стартап Лаб (MUIS Startup Lab) хөтөлбөр бүтэн 3 сар хэрэгжиж, 9 сарын 23-ны өдөр Demo Day буюу хаалтын өдөрлөгөө хийж өндөрлөлөө. Тус хөтөлбөр нь их сургуульд оюутны гарааны бизнесийг хөрөнгө оруулалтаар дэмжих зорилготой, Монголдоо шагналын сан хамгийн өндөртэй уралдаан болсон юм. Өндөр хөгжилтэй болон хурдацтай хөгжиж буй улс орнуудын их сургуулиуд жил бүр оюутныхаа гарааны бизнесийг дэмжих ийм төрлийн хөтөлбөр, уралдаанууд хэрэгжүүлдэг билээ.

Монгол-Японы Төвд болсон МУИС Стартап Лаб хөтөлбөрийн Demo Day үйл ажиллагаанд I шат буюу МУИС Хакатоноос шалгарсан Dadlaga, MindUp, Elec, Woolen Step, Plex Technologies гэсэн 5 баг өрсөлдсөн юм. Энэхүү багууд өнгөрсөн 2 сарын хугацаанд энтрепренер, маркетингийн багш нараас гарааны бизнесийн санаагаа амжилтанд хүргэх арга, туршлагыг заалгасан.

Demo Day үйл ажиллагаанд гарааны бизнес амжилттай эрхэлж буй залуус шүүгчээр оролцсон юм. Тухайлбал:

  • Ж. Золзаяа, Монголын Үндэсний Маркетингийн Холбооны захирал, Startup Marketing Space-ийг хамтран үүсгэн байгуулагч
  • Э. Базаррагчаа, Үндэсний Стартап Сан ХХК-ийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
  • В. Баярсайхан, Анд Глобал ХХК-ийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал, mn-ийг үүсгэн байгуулагч
  • Э. Халиун, Dyberg/Kern-ийн Монгол дахь салбарын захирал, Үйтэм брэндийг үүсгэн байгуулагч

Ингээд Demo Day үйл ажиллагаанд шалгарсан багууд 10 минутын хугацаанд бэлдсэн толилуулгуудаа танилцуулж, 8 минутын хугацаанд шүүгчдийн асуултанд хариулсан. Багуудын танилцуулга дуусч, шүүгч нар дүнгээ гаргахад ялагч хэн нь тодорхой болсон юм. Үүнд:

  • Нэгдүгээр байр (6,000,000 төгрөгийн шагнал)– Woolen Step
  • Хоёрдугаар байр (3,000,000 төгрөгийн шагнал) – Dadlaga
  • Гуравдугаар байр (1,000,000 төгрөгийн шагнал) – Elec

Woolen Step баг нь хонины ноосыг боловсруулж, шинэ төрлийн материал гаргаж, түүгээрээ пүүз үйлдвэрлэж, импортыг орлох, гадагш гарч буй валютын урсгалыг багасгах санаагаар хөтөлбөрт оролцсон бөгөөд МУИС-ийн оюутан Ү. Ганбаяр, Б. Саруул, Т. Энхсувд, Г. Ариунзаяа зэрэг гишүүнтэй юм.

Dadlaga баг нь аж ахуйн нэгж байгууллагуудад дадлагын ажилтан оюутныг олох, оюутнууд дадлагын ажил олоход хоёр талыг холбох платформ хийх санаагаараа оролцсон бөгөөд МУИС-ийн оюутан У. Саруул, Ч. Билгүүн, Б. Цацрал, Б. Мөнхбайгаль зэрэг гишүүнтэй юм.

Elec баг нь бага насны болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд цагаан толгойн үсэг, тоо зэргийг хялбаршуулан, тоглоомын аргаар заах төхөөрөмж бүтээх санаагаар оролцсон бөгөөд МУИС-ийн оюутан Д. Мишээл, Э. Содбаяртүвшин, Г. Гантулга, Т. Төгөлдөр зэрэг гишүүнтэй юм.

Багуудад гарааны хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Б. Очирхуяг гардуулан өгч, амжилт хүсэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Их Сургууль өндөр хөгжилтэй улс орнуудын их сургуулиудын жишгээр оюутан, судлаачдынхаа судалгаа, инновацилаг санааг эдийн засгийн эргэлтэнд оруулахад ихээхэн анхаарч буйн нэг илрэл нь МУИС Стартап Лаб хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа явдал” хэмээсэн юм.

Хөтөлбөрийн албан ёсны шагналуудаас гадна багуудад шүүгчид болон хамтрагч байгууллагууд шагнал гардуулж, амжилт хүссэн. Тухайлбал:

  • Woolen Step багт шүүгч Э. Халиун гарааны хөрөнгө оруулалт,
  • Dadlaga багт шүүгч Ж. Золзаяа Startup Marketing Space хамтын оффист 1 сар байрлах эрх, шүүгч Э. Базаррагчаа Startup Terminal хамтын оффист 3 сар байрлах эрх,
  • Plex Technologies багт BOW ХХК өндөр хурдтайгаар хандах, томоохон зай бүхий серверийн хостингийн 1 жилийн эрх
  • Woolen Step, Dadlaga, Elec багуудад Болорсофт ХХК өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээний эрх

МУИС Стартап Лаб хөтөлбөрийн албан ёсны брошюртэй эндээс танилцана уу.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар