Энэ үгээр ерөөл тавьсан ноён Jung Jang Seon-ы нэрэмжит тэтгэлгийг МУИС-ийн оюутнууд энэ жил 4 дэх удаагаа авч байна. Солонгосын Үндэсний Ассамблейн гишүүн, Ардчилсан намынх нь ерөнхий нарийн бичгийн дарга тэрбээр Монгол улсын ерөнхийлөгчөөс “Алтан гадас” одон гардаж авсныхаа дараа 6-рын 8-ны өдөр МУИС-ийн ГХСС-д зочилж, ийнхүү нэрэмжит тэтгэлгээ албан ёсоор дэд захирал Р.Ринчинбазарт хүлээлгэн өгөв.
Анх 2006 оноос хойш өнөөг хүртэл түүчээлсэн Хан улсын төрийн зүтгэлтний энэхүү тэтгэлэг монголын хойч ирээдүйд нийт 14000 долларын дэмжлэг үзүүлжээ.
Би өөрийгөө урд насандаа монгол хүн байсан гэж боддог. Яагаад ч юм Монгол оронд ирэхээр сэтгэл нэг л уужраад явчихдаг юм хэмээн тэтгэлэг гардуулах ёслолын үеэр сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн ноён Jung Jang Seon хэлэхдээ “МУИС-тай хамтран ажиллахад баяртай байдаг. Цаашид энэ тэтгэлэг манай “Алтан гадас” нийгэмлэгээр дамжин улам өргөжиж, монголын шилдэг оюутан залууст сургуулиа төгсөөд эргээд нийгэмд идэвхтэй оролцоход нь дэмжиж ажиллана” гээд “Эхлэл нь бага ч төгсгөл нь хязгааргүй байх болтугай” гэсэн ерөөлийн үгээр яриагаа өндөрлөсөн юм.
Jung Jang Seon-ы нэрэмжит тэтгэлгийг МУИС-ийн төгсөлтийн шалгалт дууссаны дараа сурлагаараа бусдыгаа хошуучилсан шилдэг оюутнуудад албан ёсоор гардуулах юм байна.