Монгол бичиг соёлын “Хос Уянга” нэгдэл нь 2002 онд оюутнуудын санаачилгаар үүсгэн байгуулагдсан МУИС-ийн ууган клубуудын нэг юм. “Хос Уянга” нэгдэл нь үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар арав дахь тэргүүн Ү.Доржоогийн удирдлагад шилжин өдгөө 15 жилийн ойтойгоо учран золгож байна. Нэгдлийн оюутнууд өөрсдөө сурч мэдээд зогсохгүй бусад оюутнууддаа монгол бичгийн дүрэм, уран бичлэг, угалзан, эвхмэл, дөрвөлжин бичиг зааж өгдгөөрөө бусад оюутны нэгдлээс ихээхэн онцлогтой. Ойн баяраа 15 жилийн түүхийг бүтээлцсэн үе үеийн тэргүүд, гишүүд, эрдэмтэн багш нартайгаа тэмдэглэн, “Зүрхний бичиг” оюутан сурагчдын бүтээлийн үзэсгэлэн гаргалаа.
Ойн хүрээнд МУИС-ийн сайхан бичигтэн эсээ бичлэгийн уралдаан зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа. Уралдааны шагналыг Оюутны алба ивээн тэтгэж оролцлоо.
Сайхан бичигтнээр:
ХУС-ын 1-р ангийн оюутан Ш.Ширнэн
Монгол хэл шинжлэлийн 2-р ангийн оюутан Н.Баасанхүү
ХУС-ын 1-р ангийн оюутан Н.Оюундэлгэр нар шалгарлаа.
Мөн ойн үеэр эрдэмтэн багш нар, зочид төлөөлөгчдөдөө хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардууллаа.
Ойдоо зориулж “Хос Уянга” нэгдлийн гишүүд 15 жилийн түүхийг нэгтгэсэн сонин гаргав.
Нэгдлийн гишүүн Ш.Баасандорж ойдоо зориулж “Монгол бичиг” хэмээх шүлэг зохиосон байна.
Монгол бичиг
I
Уран сэтгэлийн торгон үзүүрт хүслээ шигтгэн
Урлахуйн шидийг бийрийн үзүүрээс эрэхүйеэ
Утга чинадын гүн анирт цэлмэн гэрэлтээд
Ухаант өвгөдийн нандин өвийг бишрэн энхрийлнэ.
Цаглашгүй үргэлжлэх өнийн тэнгэр доор
Цадиг түүхийн энгүй намтраас элтлэн уянгалахуйяа
Бийр бэхсийн торгон сэжмийг сэтгэлдээ агуулж
Билиг ариун уран тансагт уусан уужирмуй
II
Хуйлрагч үүлсийн энгүй холд бодлоо холбон
Хураангуйлахуйн чанарыг хөрстийн алганаас хайхуйяа
Хасбуу тамганы дардас үеийн үед улираад
Хаан төрийн улбааг харцандаа цэгцэлж нандигнана.
Цаг хугацааны эгэх буцахын улирал доор
Цаасны гунигийг эртний илдээр цавчин бардамнахуйяа
Буурал талын агийн үнэрийг сэтгэлдээ эвхэж
Будант уулсын энгэрийн чулуудаар хажлан чиммүй
III
Хувилгаан тарнийн алс хязгаарт үйлээ цэгнэн
Хорвоогийн цэнгэлийг зөрөг замаас бэдрэхүйеэ
Хувь зохиол долгионт хэмээр тэгш хөврөөд
Хосгүй ижил амьдралын тойрог улам угалзарна
Цавталгүй дурайх эх газрын өөжин дээр
Жаргал зовлонг тэнцүүлэн өрлөг эжий бүүвэйлэхүйеэ
Цан жихүүдэст орчлонгийн цаазыг сэтгэлдээ хувааж
Жаврынх нь үзүүрийг залгилж бүлээнээр амьсгалмуй.
Яруу үзэмжит ялгуун эрхэмсэг монгол бичгээрээ
Ятгын эгшиглэн лугаа инээмсэглэн таталахуйяа
Хан заяаны босоо цагаан хийморь сэргэж
Ханагар орчлонгийн хойморьт завилсан шиг санамуй.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/groups/306488889450329/ холбоосоос авна уу.