МУИС-ийн инновацийн судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, ирээдүйд хийгдэхээр хүлээгдэж буй технологийн судалгаа, түүний төлөвлөлтөд хувийн хэвшлийн байгууллагуудын технологийн хэрэгцээ, саналыг тусгах, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлэх боломжийг тодорхойлох, их сургууль дотоодын аж ахуйн нэгжийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтэс, Технологи дамжуулах төв, Дотоод хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах хэлтэс хамтран 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Их сургууль-Аж үйлдвэрийн хамтын хөгжил” форумыг амжилттай зохион байгууллаа.
Форумд МУИС-ийн удирдлагууд, бүрэлдэхүүн сургуулийн захирлууд, Тогтвортой хөгжлийн хүрээлэнгийн захирал, ШУТИС, ХААИС, Шинэ Монгол технологийн дээд сургуулийн судлаач, мэргэжилтнүүд, уул уурхайн салбарын топ байгууллагууд болон холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөл оролцов. Форумыг нээж МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг үг хэлсэн ба Их сургуулийн оюуны өмч, технологи дамжуулалтын менежментийн талаар баримтлах бодлого, их сургуулийн судалгаа хөгжлийн ажлын одоогийн хүрсэн түвшин, цаашид аж үйлдвэртэй хамтран ажиллахад чиглэсэн бодлого зорилтын талаар танилцуулсан юм.
Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал Ч.Ундрам “Кластерийг хөгжүүлэх хамтын ажиллагааны алхмууд” сэдвээр илтгэл тавьж их сургууль, аж үйлдвэрийн түншлэлийн хөгжлийн талаар санал дэвшүүллээ.
Форумд урилгаар ирж оролцсон УИХ-ын гишүүн Н.Амарзаяа хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд их сургууль, аж үйлдвэрийн хамтын ажиллагаа нэн чухал, болохыг онцолсон бол, БСШУСЯ, Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Бат-Эрдэнэ “Төрөөс шинжлэх ухаан, технологи, инновацийн талаар баримтлах бодлого”, Нийслэлийн үйлдвэр инновацийн газар, Инновацийн хэлтсийн дарга Ч.Сүхбат “Инновацийн экосистем бүрдүүлэхэд орон нутгийн оролцоо”, МҮХАҮТ-ийн дэргэдэх Инноваци, гарааны бизнесийг дэмжих зөвлөлийн дарга Л.Оюунцэцэг “ШУТ, Инновацийн хамтын ажиллагааны интеграцид МҮХАҮТ-ын оролцоо” сэдвээр тус тус илтгэл танилцууллаа.
Тус форумын үеэр МУИС-иас уул уурхайн салбарт хэрэглэгдэх технологийн танилцуулга, хэрэглээнд нэвтрүүлэх боломж, судлаачдын баг бүрэлдэхүүний болон лабораторийн нөөц бололцоо, аж үйлдвэртэй хамтран ажиллах саналыг танилцууллаа.
Форумд урилгаар Алт үйлдвэрлэгчдийн холбоо, Ачит ихт ХХК, Алтан Дорнод Монгол ХХК, Багануур ХК, Бат Бродерс ХХК, Гацуурт ХХК, МАК ХХК, Зүлгэн сор ХХК, Монголросцветмет ХХК, Монполимет ХХК, Оюутолгой ХХК, Уул уурхайн Үндэсний олборлогч ХХК, Энэ цагаан морь ХХК болон бусад компаниудын удирдлага, дэд захирал, бизнес хөгжлийн менежер, хэлтсийн дарга, инженер техник, геологи болон байгаль орчны мэргэжилтэн, металлуригич зэрэг албаны хүмүүс оролцлоо.
Уулзалтад оролцсон компаниудын зүгээс энэхүү арга хэмжээний ач холбогдлыг онцолж хэлэлцүүлэг өрнүүлсэн ба манай судлаачдын танилцуулсан технологи болон төслийг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх талаар санал дүгнэлт гаргаж, компанийн зүгээс хэрхэн дэмжиж, хамтран ажиллах боломжийн талаар олон бүтээлч санаачлага дэвшүүллээ. Хэлэлцүүлгийн үр дүнгээс цаашид манай судлаачид, ЭШИХ, ТДТ болон Дотоод хамтын ажиллагаа олон нийттэй харилцах хэлтсийн зүгээс аж үйлдвэртэй хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, уулзалтад оролцсон компанийн дэвшүүлсэн санал санаачлыг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг хамтран төлөвлөж хэлэлцүүлэхээр тохиролцлоо.