Монгол Улсын Их Сургуульд “Ардчиллын танхим” нээгдлээ

Share Button

МУИС-ийн түүхт 75 жилийн ойн хүрээнд санаачлан зохион байгуулсан ажлуудын нэг болох МУИС-ийн “Ардчиллын танхим”-ын нээлтийн ёслолын үйл ажиллагаа 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр МУИС-ийн хичээлийн II байрны 230 тоот ангид боллоо. Энэхүү танхимыг багш, оюутны хөгжлийг дэмжих, нийгэм, улс төрийн боловсрол олгох чиглэлээр сургалт, судалгаа явуулахад нийцүүлэн 20 сая төгрөгийн санхүүжилтээр иж бүрэн тохижуулсан бөгөөд санхүүжилтийн асуудлыг “Хан-Уул хөгжил” сангийн тэргүүн П.Батчимэг бүрэн шийдвэрлэж өгсөн байна.

“Ардчиллын танхим”-ын нээлтэд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Г.Эрдэнэбаяр, ШУС-ийн захирал, профессор Б.Баяртогтох, ШУС-ийн НУС-ын дэд захирал, доктор Б.Энх-Амгалан, ШУС-ийн ХУС-ын дэд захирал, профессор П.Дэлгэржаргал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг, АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, “Хан-Уул хөгжил” сангийн тэргүүн П.Батчимэг, УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж, УИХ-ын гишүүн асан Р.Нарангэрэл, Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, доктор Б.Энхмандах, ШУА-ийн ФХ-ийн Улс төр судлалын секторын эрхлэгч, доктор Д.Баасансүрэн зэрэг төр, нийгэм, шинжлэх ухааны зүтгэлтэн, бусад хүндтэй зочид, мөн улс төр судлалын тэнхимийн болон ШУС-ийн Нийгмийн ухааны салбарын бусад тэнхимийн эрдэмтэн багш нарын төлөөлөл, улс төр судлалын салбарын шилдэг оюутнууд оролцлоо.

Тус танхим нь Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн тогтолцоо, улс төрийн олон ургальч үзэл, олон намын тогтолцоо, хүний эрх, эрх чөлөө зэрэг ардчиллын олон чухал үнэт зүйлсийн талаарх сургалт, судалгааны үйл ажиллагаа, багш оюутнуудын эрдмийн хэлэлцүүлэг өрнүүлэх эрдмийн орчин болох юм.

“Ардчиллын танхим”-ыг нээж МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар үг хэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, “Хан-Уул хөгжил” сангийн тэргүүн П.Батчимэг, Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, доктор Б.Энхмандах, тус танхимыг хүлээн авч буй хамт олныг төлөөлөн МУИС-ийн Улс төр судлалын тэнхмийн эрхлэгч, профессор Ж.Төртогтох нар нээлтийн тууз хайчлан, тус танхимын лого, хаягийг нээв.

Үүний дараа “Ардчиллын танхимыг иж бүрэн тохижуулах хөрөнгө оруулалт хийсэн НИТХ-ын төлөөлөгч, “Хан-Уул хөгжил” сангийн тэргүүн П.Батчимэг хүрэлцэн ирсэн зочид, МУИС-ийн эрдэмтэн багш нар, оюутан суралцагчдад хандан үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Н.Алтанхуяг 1990 оны ардчилсан хувьсгалд МУИС-ийн багш нарын оруулсан хувь нэмэр, санаачлагын талаар үг хэлж, дурсамжаа хуваалцлаа. Улмаар Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд, доктор Б.Энхмандах “Ардчиллын танхим”-д улс төр, нийгэм судлалын чиглэлийн 200 гаруй нэр төрлийн ном, гарын авлага, судалгааны материал хандивласан байна.

Нээлтийн ёслолын үйл ажиллагаанд зориулан Үндэсний Урлагийн Их Театрын “Хөсөгтөн” хамтлагийн гоцлол хөгжимчин, Морин хуурч, хөөмэйч МУСТА В.Батзориг “Чингис хааны магтаал” – морин хуурын татлага, хөөмийн тоглолтоо хүрэлцэн ирсэн зочид, эрдэмтэн багш нар, оюутнуудад зориулан толилуулав.

 

 

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар