ДЭЛХИЙН ТҮВШНИЙ СУДАЛГААГ ЭХ ОРОНДОО ХИЙХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Share Button

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр МУИС-д түшиглэн гурван тэрбум орчим төгрөгийн өртөг бүхий “Лазерын судалгааны лаборатори”-ийг байгуулсан бөгөөд тус лабораторийн нээлт өчигдөр /2018.01.22/ МУИС-ийн Номын санд боллоо.

Нээлтэд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар болон МУИС-ийн удирдлагууд оролцов. Захирал Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “Өндөр түвшний судалгааг эх орондоо хийх боломжийг бүрдүүлсэн лазерын судалгааны лабораторийн эрдэмтэн, судлаачдын баг болон санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн Азийн хөгжлийн банк, БСШУСЯ-ны хамт олонд талархал илэрхийлье. МУИС манлайлагч байж, нийгмийн хөгжлийг түүчээлдгийн илэрхийлэл болж лазерын судалгааны лабораторийг эх орондоо нээж, олон төрлийн өндөр түвшний судалгааг хийх бололцоо ийнхүү бүрдэж байна. Бид тоног төхөөрөмжтэй болохын зэрэгцээ, эдгээр төхөөрөмжийг ашиглах, ажиллах, судалгаа хийх эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүдээ мөн бэлтгэсэн. Манай лабораторийн эрдэмтэд бүгд энэхүү өндөр хүчин чадал бүхий лазерын тоног төхөөрөмжүүд дээр ажиллах бүрэн чадвартай” гээд цаашдын эрдэм судлал, өндөр түвшний судалгааны ажилд нь амжилт хүсэн ерөөв.

МУИС-ийн Лазерын судалгааны лабораторийн эрхлэгч Ж.Даваасамбуу “Манай лаборатори дэлхийн жишигт нийцсэн, хамгийн өндөр хүчин чадал бүхий төхөөрөмжүүдтэй. Үүний тусламжтайгаар бид олон улсын түвшний судалгаа хийх боломж бүрдэж байна. Урьд нь энэ төрлийн лабораторид судалгаа хийхийн тулд гадаад явах шаардлагатай байсан бол одоо зарим улсын эрдэмтэд манайд ирж хэмжилт, судалгаа хийх боломжтой. Энэ бол зөвхөн МУИС-ийн лаборатори биш, Монгол Улсын бүх судлаачдад нээлттэй лаборатори” гэв.

Тус лаборатори нь өндөр хүчин чадал бүхий орчин үеийн гурван богино пульстэй лазерын систем, Лазер машин, FTIR спектрометр зэрэг 66 нэр төрлийн тоног төхөөрөмжтэй бөгөөд нээлтийн үеэр тус лабораторид лазераар бүтээсэн биет бүтээгдэхүүн болон гадна лазерын машинуудын үйл ажиллагааг танилцуулсан.

Лазерын  судалгааны лаборатори байгуулагдсанаар лазерын цацрагийн хүчтэй богино импульс гарган авах, лазерын цацраг ба бодисын харилцан  үйлчлэлийн өндөр түвшний судалгаа, наноматериалын физик, химийн шинж чанарын нарийвчилсан судалгаа төдийгүй фотоник, материал судлал, биологи, сэргээгдэх эрчим хүч, анагаах ухаан, техник технологийн салбарт шинэ мэдлэг болон өргөн хэрэглээг бий болгох чухал ач холбогдолтой бөгөөд Монголын судлаачид өндөр түвшний судалгааг эх орондоо хийх сайхан боломж нээгдэж байгаа юм.

       

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатарт Лазерын судалгааны лабораторид бүтээсэн анхны бүтээлийг гардуулав. Я.Төмөрбаатар гэсэн нэрний дор энгийн нүдээр харах боломжгүй нарийвчлалаар Я.Төмөрбаатар хэмээн лазераар бичжээ.
Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар