МУИС-ийн багш, доктор Д.Эрдэнэбаатар: 30 жилийн дараа том хиймэл дагуултай болно гэж төлөвлөсөн

Share Button

Манай улсад нано хиймэл дагуул хөгжүүлэх боломжтой

МУИС-ийн Физикийн тэнхим дэргэдээ Нано хиймэл дагуул хөгжүүлэх лабораторийг гурван жилийн өмнө байгуулсан. Уг лабораторид Монголын анхны жижиг хиймэл дагуул “Мазаалай”-г бүтээж, сансарт хөөргөсөн юм. Энэхүү төсөлд гар бие оролцсон тус тэнхимийн багш, доктор Д.Эрдэнэбаатартай Монгол Улсын сансрын технологийн хөгжлийн талаар ярилцлаа. Тэрбээр энэ салбарт тулгамдаж буй хамгийн том бэрхшээл нь хүний нөөц гэдгийг онцолсон юм.
 
-Дэлхийн сансрын технологийн хөгжил хаашаа чиглэж байна. Харин манай улсынх ямар түвшинд байгаа вэ?
-Сансрын технологи нь хамгийн өндөр түвшний технологид тооцогддог. Гарын арван хуруунд багтах өндөр хөгжилтэй цөөхөн орон л том хэмжээний хиймэл дагуул бүтээж байна. Орчин үед сансрын технологийг өдөр тутмын амьдрал, батлан хамгаалах зэрэг маш олон салбарт ашиглаж байгаа. Үүнд байрлал тогтоох, сансрын кабелийн телевиз, цаг агаарын болон байрлал тогтоох хиймэл дагуулууд гэх мэт олон салбарыг нэрлэж болно. Манай орны хувьд сансрын нисгэгчтэй, хуучин социалист орнуудын “Интер космос” хөтөлбөрт оролцож байсан түүхтэй. Үүнээс хойш зогсонги байдалд орчихсон. Зөвхөн харилцаа холбооны салбарын хэрэглэгч төдий л байгаа. Бид зайнаас тандан судлал, гамшиг судлал зэрэгт бусад орны мэдээллийг худалдаж авдаг хэрэглэгч байдлаар явж ирлээ. Эсвэл чанар муутай, үнэгүй мэдээлэл ашиглаж байгаа. Төрийн мэргэжлийн байгууллагууд ч энэ чанаргүй, үнэгүй мэдээллийг ашиглах тохиолдол бий.
-Энэ салбарыг манай улсад хөгжүүлэх боломж, бололцоо бий юу?
-Дундаж хиймэл дагуул гурван тонн орчим жинтэй. Ийм хиймэл дагуулыг угсрах, турших боломжтой дэд бүтэц байгуулна гэдэг манай улсад ахадсан зүйл. Холбооны хиймэл дагуул хөөргөхөд 300-500 сая ам.доллар хэрэгтэй. Мөн хэдэн зуун инженерээс бүрдсэн баг ажилладаг. Гэхдээ технологийн болон электроникийн хөгжлийг дагаад хиймэл дагуул, пуужин хөөргөгчийн хэмжээ жижгирч байгаа. Ингэснээр өртөг зардал ихтэй нүсэр байгууламж шаардлагагүй болж байна. Сүүлийн 10 орчим жилд 50 кг хүртэлх масстай хиймэл дагуулын хөгжүүлэлт, хөөргөлт эрс нэмэгдсэн. Одоогоор дэлхийн 200 гаруй их, дээд сургууль жижиг хиймэл дагуулын хөгжүүлэлт, судалгаа хийж байна. Бүгд нэгэн зэрэг энэ шинэ салбарт хөл тавьж байгаа учраас бидэнд ч бас боломж бий. Улсынхаа дэд бүтэц, санхүүгийн боломжийг харсан ч тэр зөв сонголт гэж үзэж байгаа.
-Манайд сансрын технологийг хөгжүүлэх, хариуцах гол байгууллага гэж байна уу? -Шинжлэх ухааны академийн Одон, орон геофизикийн хүрээлэн, “Астропарк” зэрэгт энэ салбарыг ойлгож, дэмждэг хүмүүс бий. Энэ сарын 30-нд холбогдох яам, хүрээлэнгүүдийн төлөөллүүдтэй уулзаж цаашид хэрхэх талаар хэлэлцэж, нэгдсэн бодлого гаргахаар товлосон.
-Танай лабораторид одоо хэдэн оюутан нано хиймэл дагуулын чиглэлээр мэргэшиж байна вэ?
-Систем инженерчлэл мэргэжлийн үндсэн бүтээгдэхүүн нь хиймэл дагуул. Гэхдээ заавал хиймэл дагуул гэхгүйгээр үйлдвэрлэлийн болон технологийн бусад салбарт ажиллах боломжтой мэргэжилтнүүдийг бэлддэгээрээ онцлог. Одоо манай лабораторид таван магистр, найман нэгдүгээр дамжааны оюутан дадлагажиж байна. Би өнгөрсөн аравдугаар сард жижиг хиймэл дагуулын чиглэлээр Японд докторын зэрэг хамгаалсан. 2019 онд мөн дөрвөн залуу доктор сургуулиа төгсөнө. Тиймээс цаашид хөгжих боломж харагдаж байгаа. Бид ойрын 10 жилийн нарийвчилсан болон 30 жилийн хэтийн төлөвлөгөө гаргасан. Сансрын технологийг хөгжүүлснээр НҮБ-аас дэвшүүлсэн тогтвортой хөгжлийн 17 зорилтын 6-7-г нь шийдэх боломжтой. Хүний нөөцөө тасралтгүй бэлдэж, техник, технологио хөгжүүлэх нь алсдаа багагүй үр ашиг өгнө гэж үзэж байгаа.

Том хиймэл дагуул хөөргөхөд 300-500 сая ам.доллар хэрэгтэй

-30 жилийн дараа биелүүлэх ямар нэгэн зорилт юу байна вэ?
-2050 он гэхэд өөрсдийн гэсэн том хиймэл дагуултай болно гэж төлөвлөж байгаа.
-Тэгвэл ойрын 10 жилд юу төлөвлөсөн бэ?
-10 жилийн дараа дотооддоо зайнаас тандан судлалын хиймэл дагуулын бүрэн систем хийж бүтээхээр төлөвлөж байна. Энэ хугацаанд хүний нөөц, техник технологи, хууль эрх зүйн орчин нь бүрдэнэ гэж тооцсон. Санхүүгийн нөөц бол тухайн үед шийдэгдэх асуудал. Гэхдээ богино хугацаанд мөнгө орж ирэх боломжтой. Харин аваад явж чадах хүнгүй бол мөнгө байсан ч хэрэггүй болдог.
-Яагаад хамгийн эхэнд тандан судлалын хиймэл дагуулыг сонгосон юм бэ?
-Бидний хийж чадах боломж, хүчин чадалд таарч байгаа учраас сонгосон. Манайхан унадаг дугуйгаа хийж чадахгүй байж метро барина гэж ярьдаг. Гэтэл бид метротой болж чадахгүй юм чинь гээд унадаг дугуй хийх боломжийг орхидог. Үүнтэй яг ижил. Багаас нь, аль чадахаас нь эхлэх хэрэгтэй гэж үзсэн. Зайнаас тандан судлалын жижиг хиймэл дагуул маш их ач холбогдолтой. Сансраас зураг авдаг учраас онцгой байдал, цаг уур, байгаль орчны шинжилгээнд ашиглана.
-Санхүүгийн асуудлыг хэрхэн шийдэхээр төлөвлөж байгаа юм бэ?
-Одоогоор санхүүгийн асуудал тодорхойгүй байгаа. Тухайн үед нь шийднэ. Мөнгө, санхүүг боломж нь таарвал богино хугацаанд босгох боломжтой. Харин хүний нөөцөө бэлдэхэд асар их хугацаа, хөдөлмөр шаардана. Мөнгө байлаа ч хиймэл дагуулаа хийж, хөгжүүлж чадах хүнгүй бол ямар ч хэрэггүй шүү дээ. Тиймээс мөнгө, санхүүжилтэд төдийлэн ач холбогдол өгөхгүй байна. Сансрын технологийн хөгжлийг сайжруулах нь байгалийн гамшиг, цаг уурын шинжилгээ, судалгаа, харилцаа холбоо болон зарим стратегийн ач холбогдолтой бэрхшээлийг шийдэх боломжтой. Хамгийн гол нь бид өндөр технологийг эзэмшинэ. Технологийн салбарын боловсон хүчин сайжирснаар бусад олон салбар ч хөгжиж, эдийн засагт эергээр нөлөөлдөг.
 
-Манай улсын харилцаа холбооны салбар багагүй хөгжиж байгаа. Гэхдээ бүгд л гаднын хиймэл дагуулыг түрээсэлдэг биз дээ?
-Харилцаа холбоо, сансрын технологи гэдэг хоёр том салбарын огтлолцлын цэг нь сансрын харилцаа холбоо байдаг. Манай кабелийн телевиз, интернетийн компаниуд гаднын хиймэл дагуул түрээсэлдэг. Бид нэгэнт хэрэгцээгээ хангаж чадахгүйгээс түрээслэх нь хамгийн зөв сонголт. Манайд харилцаа холбооны салбар нь сайн хөгжсөн атлаа сансрын технологи нь маш сул байгаа.
-“Мазаалай” хиймэл дагуулын ач холбогдол юу вэ. Ямар зорилгоор ашиглаж байна вэ?
-Монголын “Мазаалай” 100 ам.долларын өртөгтэй, 10х10 см-ийн хэмжээтэй маш жижиг. Энэ бол хэрэглээний биш тандан судлалын зориулалттай нано хиймэл дагуул. Хүмүүс үүгээр яаж, ямар ашиг олох юм бэ гэж хамгийн түрүүнд асуудаг. “Мазаалай”-г бид сансарт хөөргөснөөр тодорхой хэмжээний туршлагатай хүний нөөц бэлдсэн. Энэ салбарыг цаашид хэрхэн хөгжүүлэх төлөвлөгөө гаргаж, авч явах боловсон хүчин бэлтгэгдсэн гэж болно.
-Манай улсад сансрын технологийг хөгжүүлэх боловсон хүчин ямар түвшинд байна вэ?
-Энэ салбарыг босгоход техник, технологийн бололцоо, санхүү, хүний нөөц гэсэн гурван хүчин зүйл шаардлагатай. Манай улсын хувьд энэ чиглэлийн боловсон хүчин нэлээд хэдэн жил тасарсан гэж болно. 2005 онд МУИС физик болон электроникийн чиглэлийн хос мэргэжлээр элсэлт авч эхэлсэн. Систем инженерчлэл мэргэжлийн анхны хэлбэр гэсэн үг. “Мазаалай” төсөлд ажилласан багийн гишүүд ийм хос мэргэжилтнүүд. Харамсалтай нь 2014 онд энэ хичээлийн хөтөлбөрийг хаасан. Тиймээс систем инженерчлэлээр магистр, докторын зэрэг горилж буй залуус л мэргэшиж байна.

• Дэлхийн 200 гаруй их, дээд сургууль жижиг хиймэл дагуулын хөгжүүлэлт, судалгаа хийж байна.
 
• Хоёр жилийн өмнө физикийн багшийн ангийг ганцхан оюутан сонгосон.
 
• Манай улс сансрын технологийн салбарт зөвхөн харилцаа холбооны хэрэглэгч төдий л байгаа.

-Ер нь оюутнууд шинжлэх ухааны салбарын нарийн мэргэжил сонгохоо больжээ. Гаднын орнуудад нарийн мэргэжилтнүүдийн үнэлэмж өндөр байдаг шүү дээ.
-Сүүлийн жилүүдэд суурь шинжлэх ухаан, ялангуяа физикийн салбарыг сонгох оюутны тоо эрс буурч байна. Хоёр жилийн өмнө гэхэд физикийн багшийн ангийг ганцхан оюутан сонгосон нь үнэхээр харамсалтай. Залуучууд аль болох амархан дүн авчихаар, хөнгөн мэргэжлийг их сонгож байна. Ерөнхий боловсролын сургуульдаа бүрэн төлөвшиж чадахгүй байгаа хүүхдүүдэд мэргэжлээ сонгох бүрэн эрх чөлөө өгсний үр дүн энэ. Хүүхэд, залуус манай улс орны хөгжлийг тодорхойлох чухал мэргэжил нь юу вэ гэдгийг мэддэггүй. Энэ бол боловсролын системийн алдаа. Маргааш эхлэх “Тогтвортой хөгжил-дээд боловсрол” чуулганаар энэ мэт алдаатай бодлогыг илрүүлж засна гэж найдаж байна. Японд бол хамгийн чадвартай, шилдэг хүүхдүүд нь ийм нарийн мэргэжил сонгодог учраас нэр хүндтэй. Ажлын байр ч сайтай. Сургуулиа төгсөөд бодитой үр дүн харуулдаг учраас ийм хүмүүсийг өндрөөр үнэлдэг, алдаршуулдаг.
 
-Нано хиймэл дагуул бүтээхэд яг ямар мэргэжилтэн шаардлагатай байдаг вэ?
– Хиймэл дагуул нь өөрөө маш олон шинжлэх ухааныг агуулсан, хатуу ширүүн нөхцөлд ажилладаг системийг бүтээх чадвартай системийн буюу салбар дундын инженерийг шаарддаг. Манайд нэг инженер өөрийнхөө салбартаа л мэргэшиж, бусдыг нь төдийлэн анхаарч, мэддэггүй. Гэтэл орчин үед ямар ч систем нэг салбараас хамаарахаа больсон. Монголд хиймэл дагуулын чиглэлээр сураад юу хийх вэ гэж асуудаг. Үүгээр мэргэшсэн хүн аль ч салбарт, ямар ч технологи дээр ажиллах чадвартай болдог. Тиймээс бид олон ялгаатай салбарыг нийлүүлж нэг бүтээгдэхүүн гаргах чадвартай инженерүүдийг бэлдэнэ гэсэн зорилго тавьсан юм. Сансрын технологийг хөгжүүлэхэд улс төрийн тогтворгүй байдал их нөлөөлдөг. Харин их сургууль, шинжлэх ухааны байгууллагууд тогтвортой байдлыг хангадаг гэж үздэг нь дэлхий нийтийн жишиг. Гэтэл өнөөдөр боловсролын салбар төсвийн нэг хүрэхгүй хувийг эзэлж байна. Ийм тохиолдолд том оврын хиймэл дагуулын тухай ярих боломжгүй. Техник, санхүү, хүний нөөц гэсэн гурван тулгуур хүчин зүйл урт хугацаанд, тогтвортой байвал үр дүнгээ өгдөг.
Эх сурвалж: “Засгийн газрын мэдээ” сонин