Өнөөдөр /2018.02.01/ МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар болон МУИС-ийн удирдлагууд “МУИС-ийн ахмад багш, ажилтны нэгдсэн холбоо”-той хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг үйл ажиллагаанд МУИС-ийн захирал, доктор Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ ахмад багш нар эвлэлдэн нэгдэж ахмад багш нарын холбоог байгуулан сургуультайгаа хамтран ажиллаж буйд талархал илэрхийлэн тус чиглэлд зарцуулах хөрөнгө, мөнгийг МУИС-ийн төсөвт суулгаж өгснийг дуулгаад идэвхтэй, зөв чиглэлд ажиллана гэдэгт итгэлтай байгаагаа хэлэв.
“МУИС-ийн ахмад багш, ажилтны нэгдсэн холбоо”-ны тэргүүн Ж.Жавзандулам “Олон ажил хийхээр төлөвлөж байна. Бид МУИС-ийн 75 жилийн ойн хүрээнд МУИС-ийн ахмад багш нарын нэгдсэн судалгааг хийсэн. Цаашид энэхүү судалгаагаа дэлгэрүүлж, нарийвчлахаар ажиллаж байна. Мөн алдар гавьяатай олон багш манай сургуулиас төрөн гарсан байдаг. Тэднийгээ мөнхжүүлэх шат дараалсан ажлууд зохион байгуулна” гээд МУИС-ийн удирдлагууд тус холбооны удирдлага, гишүүдийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж буйд талархаж буйгаа илэрхийлсэн юм.
Мөн энэ үеэр МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн 70 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан багш, ажилтнуудын спортын бага наадамд анх удаа ахмад багш нарын төлөөлөл баг оролцож багаараа хүрэл медаль хүртсэнийг МУИС-ийн Биеийн тамирын тэнхимийн эрхлэгч Л.Эрдэнэпүрэв гардуулан өглөө.