Өнөөдөр /2018.02.14/ МУИС-ийн удирдлагууд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Гавьяат багш хэмээх эрхэм хүндэт цол хүртсэн МУИС-ийн профессор С.Дондогийг хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. МУИС-ийн Сургалт, оюутан хариуцсан дэд захирал Б.Очирхуяг “Шагнал нүдээ олно гэдэг үнэхээр сайхан зүйл байдаг. Бид бүхэн танаар маш их бахархаж байна. Та бол МУИС-ийн химийн тэнхимийн анхны төгсөгчдийн нэг, бид бүхний багш. Та бүхний хийж бүтээсэн зүйлийг улам хөгжүүлэн цаашид хичээж ажиллах болно” гээд эрүүл энх, аз жаргалыг хүсэв.
Монгол Улсын Гавьяат багш С.Дондог “МУИС гэдэг эрдмийн уурхайд анх хөл тавьснаас хойш 60 гаруй жил болжээ. Түүнээс 50 гаруй жилд нь энэ сургуульдаа багшилсан байна. МУИС-ийн ректоратын бүрэлдэхүүн намайг хүлээн авч уулзан баяр хүргэж буйд талархаж байна. Багшийн үйлс, сургуулийн үйлс нэг байдаг. Та бүхний цаашдын ажилд өндөр амжилт хүсэе” гэлээ.
Монгол Улсын Гавьяат багш С.Дондог нь МУИС-ийн Химийн тэнхимийн анхны төгсөгчдийн нэг, анхны багш нарын нэг бөгөөд Химийн улсын олимпиадыг анх санаачлан эхлүүлсэн эрдэмтэн билээ.