Багануур ХК-тай хамтран “Дэвшилтэт технологийн өдөрлөг” амжилттай зохион байгууллаа

Share Button

МУИС болон “Багануур” ХК хамтран ажиллах, Судалгаа-Туршилт-Үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий санамж бичгийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Багануур ХК-тай хамтран “Дэвшилтэт технологийн өдөрлөг ”-ийг амжилттай зохион байгууллаа.

“Дэвшилтэт технологийн өдөрлөг”-ийг Багануур ХК-ийн хурлын танхимд  зохион явуулсан ба  МУИС-аас ХШУИС-ийн захирал Н.Баатарбилэг, Электроник, холбооны инженерчлэлийн тэнхмийн эрхлэгч Б.Ганбат, Хими, биологийн инженерчлэлийн тэнхмийн эрхлэгч Д.Хасбаатар, Хүрээлэн буй орчин ойн инженерчлэлийн тэнхмийн эрхлэгч Б.Оюунсанаа, Хэрэглээний математикийн тэнхмийн эрхлэгч Б.Барсболд, Эрдэм шинжилээ, инновацийн хэлтсийн мэргэжилтэн Д.Лхагвасүрэн нар болон Багануур ХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Номинчулуун, Хүний хөгжил, судалгаа эрхэлсэн дэд захирал О.Туяа, Судалгаа хөгжлийн хэлтсийн дарга Б.Хэрлэнчимэг, Технологийн бодлогын хэлтсийн дарга Ч.Наранбат, Техникийн бодлогын хэлтсийн дарга Ч.Хашбат, Захиргаа, хүний нөөц удирдлагын хэлтсийн дарга Б.Батболд болон бусад инженер, техникийн албан хаагчид оролцов.

Өдөрлөгт МУИС-аас “Электроник, автоматжуулалтын дэвшилтэт технологи” (Б.Ганбат), “Химийн технологийн судалгаа хөгжүүлэлтийн ажлын голлох үр дүнгээс” (Д.Хасбаатар), “Уурхайн хаалтын дараах нөхөн сэргээлтийн асуудал, шийдвэрлэх арга зам” (Б.Оюунсанаа), “Уул уурхайд оновчлолын зарим асуудлууд” (Б.Барсболд) илтгэлүүд танилцуулсан ба холбогдох асуудлаар оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч,  харилцан санал солилцлоо.

Манай судлаачдын бүрэлдэхүүн Багануур ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, цаашид хамтран хөгжүүлж болох судалгаа, хөгжүүлэлтийн ажлын санал санаачлагын талаар ярилцсан юм.

Багануур ХК-ийн инженер, техник, лаборатори, электроник, автоматжуулалт, судалгаа хөгжлийн албаны болон бусад мэргэжилтнүүдтэй уулзаж ажлын талбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга замын талаар онолын болон практик мэдлэг хуваалцах, өмнө МУИС-ийн судлаачдын хэрэгжүүлсэн судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг хэрхэн улам өргөжүүлэх болон шинээр бодит үр дүнд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, магистрын түвшинд болон богино хугацааны зорилтот сургалт явуулах зэргээр санал солилцож ажил хэрэгч уулзалт зохион байгууллаа.