Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн Биоинженерчлэл хөтөлбөрийн 3,4-р курсийн 6 оюутан 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс 3 дугаар сарын 7-ны өдрийг хүртэл Япон Улсын Шинжлэх ухаан технологийн агентлагаас санхүүжүүлэн хэрэгжүүлдэг Sakura science программд хамрагдав. Энэ арга хэмжээг ХШУИС-ийн Био органик хими-Фармакогнозийн лаборатори (профессор Ж.Батхүү), Тохо их сургуулийн Эм зүйн факультетийн Микробиологийн лаборатори (профессор Y.Anzai) хамтран зохион байгуулсан юм.
Японд байх хугацаандаа оюутнууд Тохо их сургууль, Токиогийн их сургууль, РИКЕН судалгааны хүрээлэн, Чиба аймгийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн музей, Чиба хотын Шинжлэх ухааны музей, Ajinomoto, Tokiwa phytochemical, Cyclochem компани зэрэг байгууллагууд дээр ажиллаж, тус улсын шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, судалгаа-үйлдвэрлэлийн амьд холбоотой танилцав. Энэ хөтөлбөр нь оюутнуудын бүтээлч идэвх санаачлагыг өрнүүлэх, сурч мэдэж, үзэж харснаа өөрийн оронд хэрэгжүүлэх, судалгааны ажлын үр дүнгээ үйдвэрлэлд нэвтрүүлэх, өртөг, мэдлэг шингэсэн, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гарааны бизнесээ эхлүүлэх зэрэгт ихээхэн түлхэц болох нь дамжиггүй. Цаашид Биоинженерчлэл хөтөлбөрийн оюутнуудыг Sakura science хөтөлбөрт жил бүр тогтмол хамруулах, үйлдвэрлэлийн дадлагыг Японы компаниуд дээр хийлгэх тал дээр хоёр тал хамтран ажиллаж байна.


