МУИС-ийн 10 оюутанд УИХ-ын гишүүн А.Ундраа нэрэмжит тэтгэлгээ гардууллаа

Share Button

УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор /Ph.D/ А.Ундраагийн санаачилгаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуульд байгалийн ухааны салбар /хими, физик, биологи, математик/ чиглэлээр суралцаж байгаа оюутнуудын дунд өөрийн нэрэмжит сургалт, судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаж шалгарсан 10 оюутанд батламжийг нь гардууллаа. Тэтгэлгийг шалгаруулахдаа сурлагын амжилтаар 5 оюутан, судалгааны ажлын үзүүлэлтээр 5 оюутанг тодруулан тэтгэлэг олгосон юм. Сурлагын амжилтаар тэргүүлж,  М.Урангуа, Л.Мөнхжаргал, Д.Мөнхгэрэл, Ч.Баянбат,  Б.Отгонжаргал нар, судалгааны чиглэлээр  Т.Лхагважав, Х.Халиунаа, Х.Оюунхан, С.Дэлгэр, М.Дэлгэрмөрөн нарын оюутнууд тодров.

Энэхүү үйл ажиллагааг нээж А.Ундраа гишүүн үг хэлэхдээ “Шинжлэх ухааны салбар бол хөгжлийг түүчээлж явдаг салбар. Дэлхийн улс орнууд нийгэм, эдийн засгийн ирээдүйн хөгжлөө шинжлэх ухаан, технологи гэж үзэж, зарцуулах хөрөнгө, санхүүжилтийн хэмжээг тасралтгүй нэмэгдүүлэн, мэдлэгт суурилсан эдийн засаг уруу эрчимтэй шилжиж байна. Гэвч сүүлийн жилүүдэд манай улсад байгалийн шинжлэх ухааны чиглэлээр суралцаж буй оюутнуудын тоо жилээс жилд буурч, 1990-ээд оны өмнөх үетэй харьцуулбал суурь шинжлэх ухаанаар суралцагсдын тоо цөөрч байгаа нь шинжлэх ухааны салбарыг дэмжих төрийн бодлого сул явж ирсэнтэй холбоотой” гэсэн юм.

Тиймээс УИХ-ын гишүүн А.Ундраа байгалийн шинжлэх ухаанаар суралцаж буй оюутнуудад бодит дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг дэмжихээс гадна энэ салбарын үнэ цэнэ, ач холбогдлыг онцлох, оюунлаг залуусыг дэмжих зорилгоор энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг зарласан юм. Мөн онолын болон хэрэглээний шинжлэх ухааны хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инженер бэлтгэх энтрепренер буюу бүтээлч сэтгэлгээг хөхиүлэн дэмжихэд төр, хувийн сектор, хүмүүнлэгийн байгууллага, сангууд, хувь хүмүүсийг уриалах зорилготой.

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хэлсэн үгэндээ “МУИС-ийн төгсөгчид нийгэм, улс төр, бизнесийн салбарт манлайлж байдаг. Манай төгсөгч УИХ-ын гишүүн А.Ундраа өөрийн мэргэжлийн чиглэлээр оюутнуудад тэтгэлэг гардуулж сурах урам зориг өгөн бодит дэмжлэг үзүүлж буйд таатай байна. Дэлхийн түвшний сургууль болох зорилтын хүрээнд багш, оюутны судалгааны ажлыг дэмжих бодлогыг манай сургууль баримталдаг. Энэ бодлоготой нийцүүлэн зөвхөн сургалтын амжилтаар бус судалгааны ажлын үзүүлэлтийг тус тэтгэлэгт харгалзан үзэж байгаа нь сайшаалтай юм. Нийгэм, улс төр, бизнесийн салбарт манлайлан яваа манай сургуулийн төгсөгчид өөрийн нэрэмжит тэтгэлэгтэй болж, сургуулиа дэмжин ажиллах уриалга болж байна” гээд тэтгэлэг хүртсэн оюутнуудад амжилт хүслээ.

Тэтгэлгийн зар, мэдээллийг албан ёсны вебсайт, сиси систем, мэргэжлийн тэнхимээр нь дамжуулан хугацаа сунган зарласан бөгөөд тэтгэлэгт хамрагдахаар нийт 36 оюутан хүсэлт, материал ирүүлсэн байна.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар