Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Энэ өдөр бүх нийтээр байгаль эхээ дээдлэх үзлийг түгээн дэлгэрүүлж, мод тарих, ногоожуулах хөдөлгөөнийг олон нийтийн үйлс болгон өрнүүлдэг уламжлалтай.
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан өнөөдөр буюу 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 15:00 цагаас МУИС-ийн ОУХНУС-ийн багш, оюутнууд санаачлан МУИС-ийн хичээлийн төв байрны арын цэцэрлэгт ”ОУХНУС-ийн НОГООН ТӨГӨЛ” байгуулж анхны моднуудаа суулгалаа.
Мод тарьж төгөл байгуулах үйл ажиллагаанд Олон улсын харилцааны тэнхимийн багш нар, оюутнуудаас гадна тус сургуулийн захирал С.Баттулга оролцож МУИС-ийн орчныг ногоон орчин болгоход багш, оюутан, ажилтан бүр хувь нэмрээ оруулахыг уриаллаа.