Оюутны хөгжил, үйлчилгээний газраас хэрэгжүүлж буй “МУИС –ийн СОЁЛ” хөтөлбөрийн хүрээнд ХБНГУ-ын Ахмад Мэргэжилтний Байгууллагын (SES) гишүүн Бремений Их Сургууль, Якобсын Их Сургуулийн багш, доктор Клаас Диетер Кнүүп 2018 оны 4 дүгээр сарын 27-оос 5 дугаар сарын 18 хүртэл / 3 долоо хоног/ зочин профессороор ажиллаж байгаа бөгөөд ОХҮГ нь оюутныг нийгмийн хариуцлагатай, соёлтой, төлөвшилтэй иргэн болж төгсөхөд дэмжих үүднээс лекц, сургалтыг зохион байгуулж байна.
Доктор Клаас Диетер Кнүүп нь 5 дугаар сарын 7-нд ХЗС –ийн 2, 3 ангийн оюутнуудад “Европын эрх зүйн эх сурвалж: ЕХУ-ын үндэсний хууль тогтоомж ба олон улсын нийтлэг эрх зүйн уялдаа холбоо /тодорхой нэг европын улсын жишээн дээр/” сэдвээр лекц уншлаа.
Тэрээр 5 дугаар сарын 15-ны өдөр 11:00-12:30 цагт тус сургууль дээр оюутнуудад зориулан “Эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй /европын улсын жишээн дээр/” сэдвээр лекц унших бөгөөд 14:00 цагаас ХЗС –ийн эрдэмтэн багш нартай чөлөөт уулзалт хийх юм.
Өнөөдөр буюу 5 сарын 14-ний өдрийн 17:30-19:00 цагт МУИС-ийн номын сангийн 303 тоотод Доктор Клаас Диетер Кнүүп нь “Оюутны сайн дурын хөдөлгөөн ба олон улсын туршлага, Европын Их сургуулиуд дахь “Оюутан парламент”-ын үйл ажиллагаа, туршлага, чиг хандлага” сэдвээр Оюутны Зөвлөл, Оюутны Клубын гишүүдтэй чөлөөт уулзалт хийнэ. Та бүхнийг зочин профессорын сонирхолтой лекц, уулзалтад оролцохыг урьж байна.
ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР