UB IMPULSE 14: ”Чанартай өсөлт” сэдэвт ээлжит хэлэлцүүлэг боллоо  

Share Button

МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ) Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага (IMRI) хөтөлбөр хамтран UB IMPULSE: ”Чанартай өсөлт” сэдэвт 14 дахь цуврал хэлэлцүүлгийг “INVESTMENT POLICY GLOBAL TRENDS AND A NEW PATH FOR MONGOLIA” дэд сэдвийн хүрээнд 2018 оны 05 сарын 18-ний өдөр МУИС-ийн шинэ номын санд амжилттай зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үндсэн илтгэгч: Др. Кристине Чэньвэй Күианг нь Дэлхийн банкны макро эдийн засаг, Дэлхийн худалдаа & хөрөнгө  оруулалтын газрын: Хөрөнгө оруулалт, өрсөлдөөний хэлтсийн дарга. Түүний баг хамт олон дэлхийн 100 гаруй улс оронтой шинэчлэлт, зохицуулалт, бодлого, хууль эрх зүй, өрсөлдөөн болон хувийн хөрөнгө оруулалтыг хэрхэн нэмэгдүүлэх асуудлаар хамтран ажилладаг. Тэрээр Дэлхийн банкны мэдээлэл харилцаа холбооны технологийн бодлогод дүн шинжилгээ хийх, дэд бүтэц дэх хувийн хөрөнгө оруулалт, эдийн засгийн үр нөлөөний шинжилгээ, азийн улс орнуудад үйл ажиллагааг удирдах болон бодлогын хэлэлцүүлгүүдийг хийж байв. Др. Кристине Чэньвэй Күианг хувийн салбарын хөгжил, эдийн засгийн өсөлт, бүтээмж сэдвүүдээр нэлээдгүй эрдэм шинжилгээний өгүүлэл, номын бүлэг болон тайланг бичиж хэвлүүлжээ.

Др. Кристине Чэньвэй Күианг нь АНУ-ын Жонс Хопкинсийн их сургуульд эдийн засгийн ухааны доктор, компьютерын шинжлэх ухаан, инженерчлэл магистрын зэргийг тус тус хамгаалсан. Бакалаврын зэргээ БНХАУ-ын Шанхайн Олон улс судлалын их сургуульд герман хэл, уран зохиолын мэргэжлээр төгссөн. Тэрээр Дэлхийн банканд 1998 оноос хойш ажиллаж байна.

UB IMPULSE 14 цуврал хэлэлцүүлэгт МУИС-ийн удирдлага, бүрэлдэхүүн сургуулийн эрдэмтэн, судлаачид, докторант, магистрант оюутнуудын төлөөлөл, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Хөдөө аж ахуйн их сургууль, Хууль сахиулахын их сургууль, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль, Олон улсын Улаанбаатар их сургууль, Отгонтэнгэр их сургууль, Нийслэлийн захирагчийн алба, дүүргүүдийн төрийн албан хаагчид, Үндэсний аудитын газар, Үндэсний хөгжлийн газар, Трансперенси интернешнл, Эрчим хүчний хөгжлийн төв, МУИС-ийн Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн (ERI), Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Дэлхийн банк, Олон улсын санхүүгийн корпораци, Улаанбаатар банк, Хаан банк, Хас банк, Худалдаа Хөгжлийн банк, Оюу Толгой,  Mongolian Economy сэтгүүл зэрэг байгууллагуудын нийт 170 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Др. Кристине Чэньвэй Күианг гадаадын шууд хөрөнгө оруулалтын орчин үеийн чиг хандлага, Монгол Улсын гадаадын шууд хөрөнгө оруулалтын дүр зургийг уул уурхай түшиглэсэн хөгжиж буй бусад улс оронтой харьцуулсан судалгааны үр дүнгээсээ дэлгэрэнгүй танилцуулав. Төрөөс гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодлогод анхаарах асуудлууд, сайн туршлага болох жишээг Азийн улс орнуудын статистик тоон мэдээн дээр дэлгэрэнгүй тайлбарласан нь хэлэлцүүлгийг улам сонирхолтой,  үр бүтээлтэй болгов.

Зохион байгуулагч:

GIZ-ийн IMRI хөтөлбөр

МУИС-ийн Олон Улсын Харилцаа Нийтийн Удирдлагын Сургууль

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар