“Монгол Газрын Тос Боловсруулах Үйлдвэр” ТӨХХК-тай хамтран ажиллахаар санамж бичиг байгуулав

Share Button

МУИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухаан Инженерчлэлийн Сургууль болон “Монгол Газрын Тос Боловсруулах Үйлдвэр” ТӨХХК хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа /2018.06.08/. Энэхүү үйл ажиллагаанд ХШУИС-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Ганбат, Хими Биологийн Инженерчлэлийн Тэнхимийн эрхлэгч Д.Хасбаатар, ХБИТ-ийн багш Ц.Төгсөө, “Монгол Газрын Тос Боловсруулах Үйлдвэр” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Цэрэнноров, төслийн инженер Б.Батдэлгэр нар оролцов.

“Монгол Газрын Тос Боловсруулах Үйлдвэр” ТӨХХК нь Энэтхэг улсын засгийн газрын зээлийн хөрөнгөөр Дорноговь аймгийн Сайншанд хотоос 20 км зайтай газар Нефть боловсруулах үйлдвэр барихаар ажиллаж байна. 2019 оноос үйлдвэрийн барилгын ажлыг эхлүүлж, 2023 онд ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа юм байна. Хэрэв үйлдвэр баригдаад ажиллаж эхлэвэл 24 цагийн тасралтгүй үйл ажиллагаагаар ажиллах бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад 600 гаруй хүн 3 ээлжээр ажиллах, үүнээс 150-180 нь нефть боловсруулалтын инженер болон химийн инженер, 200-250 мэргэжлийн туслах ажилтан шаардлагатай болох юм байна.

Уг үйлдвэрийнхээ боловсон хүчин бэлтгэх үйл ажиллагаанд МУИС-ийн ХШУИС-тай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мөн судалгаа шинжилгээний ажилд цаашид хамтран ажиллах сонирхолтой байгаагаа хоёр тал харилцан илэрхийллээ.