Академич Г.Лувсанцэрэнгийн нэрэмжит 10 дахь удаагийн тэтгэлэг олгов

Share Button

МУИС-д Буддын судлалын чиглэлээр сурч буй тэргүүний оюутнуудад жил бүр уламжлал болгон олгодог академич Г.Лувсанцэрэнгийн нэрэмжит тэтгэлгийг 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 10 дахь удаагаа Философи, шашин судлалын тэнхимд сонгон шалгаруулалтын журмаар олголоо. Энэхүү тэтгэлгийг академич Г.Лувсанцэрэн агсны хүүхдүүд 2008 онд санаачлан олгож эхэлсэн бөгөөд одоогоор тэтгэлэгт МУИС-ийн Шашин судлалын салбарын 27 оюутан хамрагдаад байна.

Энэ удаа сурлага, хүмүүжил, авъяас, идэвхи зүтгэлээрээ манлайлагч Шашин судлалын бакалаврын түвшний III ангийн оюутан М.Номин, магистрант А.Номин, докторант М.Ганхөлөг нар тэтгэлэг гардан авлаа. Цаашид энэ тэтгэлгийг шашин судлалын салбарт тууштай суралцаж байгаа сургалт, эрдэм шинжилгээний ажилд амжилт гаргасан бүх түвшний оюутан авах боломжтой юм.

Энэ удаагийн тэтгэлэг гардуулах үйл ажиллагаанд академич Г.Лувсанцэрэн агсны хүү Л.Батжил, тус тэнхмийн багш Др.М.Гантуяа, Др.С.Янжинсүрэн, С.Дэмбэрэл болон тэнхмийн бусад багш нар оролцож, тэтгэлэг гардан авсан оюутнуудад амжилттай суралцан цаашид шашин судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж, шашны тухай шинжлэх ухаанч мэдлэгийг нийгэм, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, Монголд шашин судлал, буддын судлалын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан академич Г.Лувсанцэрэн багшийнхаа үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдэгт итгэж буйгаа  илэрхийлэв.

Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар