“ЗАЛУУ ТА АМЬДРАЛ БЭЛЭГЛЭГЧ” цусны донорын өдөрлөг амжилттай болов

Share Button

МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтэс, МУЗН, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран “ЗАЛУУ ТА АМЬДРАЛ БЭЛЭГЛЭГЧ” цусны донорын өдөрлөгийг 3 дах удаагаа амжилттай зохион байгууллаа. Тус өдөрлөгийн хүрээнд 2018 оны 10 дугаар сарын 29, 30 11 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн ажилтнууд  МУИС дээр 4 өдөр  ажилласан бөгөөд нийт 400 гаран багш оюутнууд цусаа бэлэглэж эрдэнэт хүмүүний амь насыг аврах хүмүүнлэг ариун эрхэм үйлсэд нэгджээ.

Монгол Улсын эрүүл мэндийн сайдын тушаалаар сар бүрийн 3-ны өдрийг цус бэлэглэх өдөр болгон зарласантай холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр “Цус бэлэглэх өдөрлөг”-ийн нээлтийн ажиллагааг МУИС-ийн хичээлийн 5-р байранд зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд МУИС-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга  Д.Бадамдаш, Оюутан төгсөгчийн хэлтсийн дарга М.Эрдэнэчимэг, МУИС-ийн ОУХНУС-ийн захирал С.Баттулга, Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр, МУЗН-ийн хөтөлбөр хамтын ажиллагааны газрын дарга Даваажаргал нар хүрэлцэн ирж оролцлоо. МУИС-ийн ЗХНГ-ын дарга Д.Бадамдаш үг хэлж нийт оюутан залуучуудыг цусаа бэлэглэж, хүнлэг ариун үйлсэд нэгдэхийг уриалан, өдөрлөгт идэвхитэй оролцож, цусаа бэлэглэсэн нийт багш, ажилтнууд болон оюутан залуучууддаа талархал илэрхийлэв.

Нээлтийн ажиллагааны үеэр хүндэт донорууд болон, олон удаа цусаа бэлэглэсэн доноруудад талархал илэрхийлэв. Үүнд:

  1. Бахархал-10 тэмдэгээр МУИС-ийн ШУС-НУС-ийн оюутан Ц.Бумбаяр
  2. 5 удаагаас дээш цусаа бэлэглэсэн хүмүүст олгодог ТАЛАРХАЛ-аар МУИС-ийн Оуютан төгсөгчийн хэлтсийн мэргэжилтэн Н.Бурмаа, МУИС-ХШУИС-ийн оюутан, МУИС-ийн ШУС-ХУС-ийн оюутан Д.Мөнхдэлгэр нарыг шагнаж урамшуулав.

Өдөрлөгт амжилттай оролцож, цусаа бэлэглэсэн нийт багш ажилчид, оюутнууддаа талархал илэрхийлье.

Оюутан, төгсөгчийн хэлтэс