МУИС-ийн багш нар Ли Куан Иеийн Төрийн бодлогын сургуультай танилцав

Share Button

Сингапур дахь Монголын элчин сайдын яам, Цахим өртөө холбоо, Сингапур дахь монгол иргэдийн хамтран зохион байгуулсан “Оюунлаг оршихуй сингапурт” уулзалтад ХШУИС-ийн дэд проф. Ч.Лодойравсал, ШУТИС-ийн багш Р.Найдандорж болон бусад багш нар “Монгол улсын дээд боловсрол өнөөдөр” сэдэвт хэлэлцүүлэгт оролцон Сингапурын үндэсний их сургуулийн Ли Куан Ие Төрийн бодлогын сургуулийн оюутнууд, Сингапур улсад ажиллаж амьдарч байгаа монголчуудтай уулзаж, сонирхолтой яриа өрнүүлэв.

Ли Куан Иеийн Төрийн бодлогын сургууль нь Сингапурын Үндэсний их сургуулийн (2019 оны QS эрэмбээр дэлхийд 11-т, Азид 1-т жагсдаг) биеэ даасан ахисан түвшний сургууль ба 2004 онд Харвард Кеннидигийн Сургуулийн загвараар бодлого, төлөвлөлтийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн.

Уг сургуулийн төр, хувийн хэвшлийн удирдагчдыг бэлтгэх, богино болон урт хугацааны сургалт, зөвлөх үйлчилгээг зохион байгуулдаг нэгжийн Боловсрол хариуцсан гүйцэтгэх захирал Жансулу Абдикиеримтэй Эрдэм шинжилгээний хэлтсийн дарга д-р Т.Энхдөл болон бусад багш нартай уулзав. Уулзалтын үеэр сүүлийн жилүүдэд шилдэг их, дээд сургуулиудын брэнд болсон сургалтын хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлснээр дэлхийн жишгийн их сургууль болох боломжтойг онцгойлон дурьдав. Ли Куан Иеийн Төрийн бодлогын сургууль ч Харвард Кеннедигийн сургуулийн сургалтын загварыг ашиглаж дэлхийн жишгийн сургууль болсон түүхтэй. МУИС-тай хөгжлийн бодлого боловсруулах, төлөвлөлтийн мэргэжилтэн бэлтгэх, багш солилцооны хөтөлбөр, багш нарыг чадавхжуулах сургалт болон  тус сургуулийн сайн туршлагыг нэвтрүүлэх боломжуудын талаар харилцан санал бодлоо хуваалцлаа.