2018 оны 11 дүгээр сарын 14-нд “Монгол-Оросын Найрамдал, хамтын ажиллагаа-2018” өдрүүдийн хүрээнд Монгол-Оросын залуучуудын АСК (Авхаалж, сэргэлэнчүүдийн клуб) анхны цомын төлөөх тэмцээн уралдааныг ОХУ-ын ЭСЯ-ны тусламжтайгаар Монгол дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төв, МУ-ын БШУССЯ, Найрамдлын Монголын нийгэмлэгүүдийн холбоо хамтран зохион явууллаа. Уг тэмцээнд Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хот дахь салбарын “Экономисты” баг, Монголын мэтгэлцээний клубийн “Виктория” баг, МУИС-ийн ОУХНУС-ийн орос хэлний хөтөлбөрийн оюутнуудын “Дипломаты” багийнхан тус тус оролцсоноос “Дипломаты” багийнхан тэргүүн байр эзэлж, цом, алтан медаль, диплом авсан төдийгүй 5 дугаар сарын 9-нд Ялалтын баярын жагсаалыг Москва явж Улаан талбайгаас үзэх супер шагналын эзэд болов.
Түүнчлэн, ОУХНУС-ын орос хэлний хөтөлбөрийн оюутан Б.Энхмаа “Шилдэг эмэгтэй жүжигчин”-р шалгарч, цом хүртсэн. МУИС-д оюутан солилцооны хөтөлбөрөөр суралцаж буй Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн магистрантууд зохион байгуулалтын ажилд идэвх санаачлагатай оролцлоо.
Зохион байгуулагчдын зүгээс оролцогчдын бэлтгэл сайн байсныг болон Монгол залуусын орос хэлний мэдлэг өндөр байгааг онцлон тэмдэглээд, энэхүү АСК нь уламжлал болно гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.