МУИС-ийн ОУХНУС-ийн “МИНИ ПАРЛАМЕНТ” клубын оюутнууд Баянхонгорын ЗДТГ-ын дэргэдэх 14-р цэцэрлэгт ном хандивлав

Share Button

МУИС-ын ОУХНУС-ийн “МИНИ ПАРЛАМЕНТ” клубын санаачлагаар МУИС-ийн эрдэмтэн багш нар, оюутнуудаас Баянхонгорын ЗДТГ-ын дэргэдэх 14-р цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдэд зориулан цуглуулсан номоо аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга М.Өнөржаргал, Хүний нөөц, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Б.Нямдулам, Хүүхэд, гэр бүл, жендерийн бодлого хариуцсан мэргэжилтэн В.Наранчимэг, Хөдөө аж ахуйн бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Саранчимэг, Засаг даргын туслах С.Эрдэнэмөнх, хэвлэлийн төлөөлөгч Чинбат нарт гардууллаа.

2018 оны 6-р сард МУИС-ийн Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн Нийтийн удирдлагын тэнхимийн эрхлэгч Проф. Др Н.Бурмаа Баянхонгор аймагт ажиллах үеэрээ тус цэцэрлэгийн хүүхэд багачуудад хувиасаа номын тавиурууд хийлгэж бэлэглэсэн бөгөөд энэхүү үйл ажиллагаанд үндэслэн “МИНИ ПАРЛАМЕНТ” клубийн оюутнууд сэдэл аван энэхүү “Мэдлэг бэлэглэе” номын аянг санаачлан эхлүүлсэн. “МИНИ ПАРЛАМЕНТ” клубээс 2018 оны 9-р сарын 29-нөөс 11-рсарын 15-ны хооронд МУИС-ийн хэмжээнд номын аяныг өрнүүлэн нийт 150 гаруй хүүхдийн төрөл бүрийн номнуудыг цуглуулан бэлтгэжээ.

Мѳн энэ үеэр Нийтийн удирдлагын тэнхмийн эрхлэгч Проф. Др Н.Бурмаа нарын бичсэн “Тѳрийн албан хаагчийн ширээний ном III” хамтын бүтээлийн дээжийг Баянхонгор аймгийн Төрийн албан хаагчдад, тус тэнхимийн багш С.Ариунбилэг хувиасаа даралтат хѳгжмийг 14-р цэцэрлэгт тус тус хандивлаж Баянхонгор аймгийн тѳрийн албан хаагч, хүүхэд багачуудад аз жаргал, сайн сайхныг хүслээ.

Баянхонгор аймгийн ЗДТГ-ын төлөөлөгчид “МИНИ ПАРЛАМЕНТ” клубийн гишүүд, МУИС-ийн нийт оюутан багш нарт талархал илэрхийлэн эрдэм, оюуны өндөр амжилтыг хүсэн ерөөж “МИНИ ПАРЛАМЕНТ” клубийн төлөөлөгчдийг Баянхонгор аймагт ирж аймгийн сурагчдад зориулан туршлагаа хуваалцаж ажиллахыг урилаа.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

Нийтийн удирдлагын тэнхим