Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, өнөөдөр /2018.12.28/ Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медаль хүртээв.
Монгол Улсын Гавьяат хуульч цолоор МУИС-ийн ХЗС-ийн ахмад багш, доктор Тэшигийн Мөнхжаргалыг шагналаа. Шинэхэн гавьяатыг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, МУИС-ийн Удирдах зөвлөлийн дарга С.Мөнхбат, УЗ-ийн нарийн бичгийн дарга Д.Заяабаатар, ХЗС-ийн захирал Ж.Эрдэнэбулган тэргүүтэй хамт олны төлөөлөл хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлсэн юм.
Мөн энэ үеэр МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн профессор Одонхүүгийн Мөнхсайханыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнасныг гардуулав.